(Берлинээс мэдээлэв)
“Falling Walls-Science Summit 2023” арга хэмжээ “Берлиний Шинжлэх ухааны 7 хоногтой” зэрэгцэн арваннэгдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Берлин хотноо зохиогдлоо.
Falling Walls арга хэмжээг Falling Walls сангаас зохион байгуулдаг бөгөөд 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд Берлиний хана нурж, эрх чөлөөний шинэ эрин эхэлсний 20 жилийн ойгоор буюу 2009 оноос зохион байгуулж байна. Falling Walls нь эдүгээ шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний салбарын хамтын ажиллагааг сайжруулах, холбох зорилготой олон улсын форум болон хөгжиж байна. Falling Walls-т бүхий л салбарын шинийг санаачлагч, бүтээлч эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд, гарааны компаниуд судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа 3 минутад багтаан танилцуулдаг онцлогтой.
Falling Walls-Science Summit 2023-т олон сонирхолтой судалгааны ажил, шинэлэг шийдэл, дэвшилтэт технологиудыг танилцуулсан. Энэ жилийн тухайд эрчим хүчний шилжилт болон анагаах ухааны сэдвүүд зонхилж байлаа. Тухайлбал, Kite Magnetics гарааны компани нисэхийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүднээс батарейг холын нислэг үйлдэх онгоцонд амжилттай туршсан төслөө хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Мөн технологийн хөгжлийн үр дүнд нарны хавтангийн өртөг бусад бүх төрлийн эрчим хүчний эх үүсвэрийнхээс хямд болж буйг Нарны эрчим хүчний хэлэлцүүлгийн үеэр мэдээлж байлаа.
Falling Walls нь 3 төрлөөр олон улсын ялагчийг тодруулдаг. Falling Walls Engage буюу “Шинжлэх ухааны оролцоо” шагналыг шинжлэх ухааны мэдлэг олгох, хамтран бүтээх, олон талын оролцоог дэмжих, нийгмийн оролцогчдыг идэвхтэй оролцуулсан төслүүдэд олгодог байна. Уг төрөлд энэ жил Yamilee Toussaint “Бүжгээр дамжуулан STEM-ийн олон янз байдлын ханыг эвдэх нь" сэдэвт ажлаараа шалгарлаа. Түүний "Бүжгээс STEM" төсөл нь бүжгээр дамжуулан бүтээлч байдал, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх замаар охидод STEM боловсрол олгоход чиглэдэг бөгөөд охид гэрлийг кодлох, дрон ашиглах, дуу хөгжим зохиох зэргээр бүтээлч байдлаа хөгжүүлдэг байна.
Falling Walls Venture буюу “Шинжлэх ухааны гарааны бизнес” шагналыг судалгааны туршлага, энтрепренерийн шилдэг чадварыг хамгийн сайн хослуулсан стартапд олгодог бөгөөд 2023 оны “Шинжлэх ухааны шилдэг амжилт” шагналыг нүд, тархины дегенератив өвчнийг эрт илрүүлэх оношилгооны төхөөрөмж бүтээсэн Германы Reyedar компани хүртлээ.
Falling Walls Lab буюу “Хөгжиж буй авьяас чадвар” шагналын төрөлд шилдэг санаа дэвшүүлсэн оюутнууд болон шинэ залуу мэргэжилтнүүд өрсөлддөг бөгөөд энэ жил 64 орны 100 оролцогч шинэлэг санаануудаа танилцуулсан. Тэдгээрт хуурамч мэдээг илрүүлэх, ногоон устөрөгчийн үйлдвэрлэл, хадгалалт, мөнх химийн бодис зэрэг сонирхолтой сэдвүүд багтсан байлаа. Энэ жилийн шагналын эздээр “Альтернатив хуванцар" сэдвээр Жозеф Бедард (Канадын Далхуси их сургууль), “Демент өвчин“ сэдвээр Ижоу Ю (Их Британий Кембрижийн их сургууль) болон "Хавдрын эмчилгээний эсэргүүцэл" сэдвээр Эмма-Анне Карлсен (Австралийн Квинсландын их сургууль) нар шалгарсан юм.
Falling Walls ба Монгол Улс
Монгол Улс нь 2019 оноос Falling Walls Mongolia форумыг залуу судлаач, шинийг санаачлагчдыг олон улсын түвшинд өрсөлдөн хөгжих боломжийг нээх зорилгоор зохион байгуулж эхэлжээ. Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяагийн тэргүүлдэг “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ санаачилгаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн байна. 2023 онд Боловсрол, шинжлэх ухааны яам дэмжин хамтарч ажиллажээ.
Falling Walls Mongolia форумын үндэсний ялагч нь Монгол Улсаа төлөөлөн Falling Walls-Science Summit-д оролцож, олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авдаг байна.
2019 оны анхны үндэсний ялагч З.Ууганбаатар нь уур амьсгалын өөрчлөлтөд говийн бүсийн хүн ард хэрхэн дасан зохицох тухай асуудлыг хөндөж, үерийн усыг зохистой ашиглах шийдлийг танилцуулсан “Breaking the Wall of wind & mind” илтгэлээ хэлэлцүүлсэн бол 2021 оны үндэсний ялагч М.Оюунгэрэл хонины цэвэр ноосыг ашиглан бүтээсэн тасалгааны агаар цэвэршүүлэгчээ танилцуулсан. Харин 2022 оны үндэсний ялагч Ц.Номин малын хаягдлаас (ноос, эвэр, туурайн хаягдал) кератин суурьтай байгальд ээлтэй полимер гаргаж авах бүтээлч шийдлээ танилцуулсан. Тэрхүү гаргаж авсан полимерийг савлагаа, био бордоо, шархны наалт зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглах боломжтой бөгөөд энэ ажлаараа Innovation Week 2022-т 3 дугаар байр эзэлж байжээ. 2023 оны үндэсний ялагч ХААИС-ийн докторант, мөөг судлаач А.Цолмон “Органик үлдэгдлийг хүнсний мөөг болгох био хувиргалт” илтгэлээрээ үндэсний ялагч болсноор арваннэгдүгээр сарын 7-нд Берлин хотноо 100 гаруй оролцогчийн дунд багтан, танилцуулгаа амжилттай хийлээ.
БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох Берлин хотноо уг арга хэмжээнд оролцсон юм. Тэрээр Монгол Улс Falling Walls сангийн “Шинжлэх ухааны оролцоо”-ны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон Монголын судлаачид Европын судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгааны ажил хийх хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр уулзалтууд хийсэн. СУХМТМЗөвлөгөө НҮТББ нь 2021 оноос Шинжлэх ухааны оролцоо платформыг Монгол Улсад албан ёсоор эхлүүлсэн бөгөөд БШУЯам 2023 оны Шинжлэх ухааны ажилчдын өдөрлөгийг арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт “Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулах боллоо.
Falling Walls Монголын хэвлэл мэдээллийн түншээр Энержи Инсайт сэтгүүл ажиллах юм.