Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.02.05) “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олгохоор шийдвэрлэлээ.
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын хэлэлцээрийг БНХАУ-ын талтай 2025 оны хоёрдугаар сарын 13-15-ны хооронд эцэслэн зурахаар болсныг АҮЭБ-ийн сайд Ц.Туваан мэдэгдлээ. Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сараас эхлэх төлөвтэй байна. Санхүүжилтийг нүүрсээр биш "Эрдэнэс Тавантолгой" компаниас гаргах аж.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэжээ.