Австрали чухал ашигт малтмалын татварын хөнгөлөлтийн хууль баталжээ

Австралийн парламент чухал ашигт малтмал болон устөрөгчийн олборлолтод татварын хөнгөлөлт үзүүлэх хуулиудыг (2025.02.12) баталжээ. Ингэснээр 2050 он гэхэд тус улс цэвэр тэгт хүрэх зорилт болон эрчим хүчний шилжилтийн төлөвлөгөөнд түлхэц болж, Хятадын критикал минералын хараат байдлыг бууруулна гэж үзэж байна.

Энэхүү хууль тогтоомж нь 2028-2040 онд 31 төрлийн чухал ашигт малтмалын боловсруулалт, цэвэршүүлэх зардлын 10 хувьтай тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлтийг төсөл тус бүрд 10 жил хүртэл хугацаагаар олгох аж. Харин устөрөгчийн кг тутамд 1.26 ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. 

Тухайн ашигт малтмалуудын ихэнхийг Австралид боловсруулснаар дотооддоо ажлын байр бий болгож, дэлхийн критикал минералын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлнэ гэж Нөөцийн сайд Мадлен Кинг мэдэгдсэн байна.    

Австралийн Засгийн газар 2028-2040 он хүртэл чухал ашигт малтмалын боловсруулалт, боловсруулалтад 7 тэрбум австрали доллар, сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлд 6.7 тэрбум австрали долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээр амлажээ.