АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нүүрсний салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн дөрвөн актад гарын үсэг зурсныг өчигдөр (2025.04.08) Цагаан ордноос мэдээлсэн байна. Энэхүү шийдвэр нь Америкийг хямд, найдвартай эрчим хүчээр хангах зорилготой гэдгийг тэрээр мэдэгджээ. Цаашид нүүрсний компаниудыг хаахад илүү хэцүү болгох хууль, эрх зүйн зохицуулалтыг судалж буйг нэмж хэлсэн байна.
Трампын хэлсэн "цэвэр нүүрс" гэсэн нэршлийг ихэвчлэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас ялгардаг утааг бууруулах зорилготой хэрэглэдэг. Хэдийгээр утааны ялгарлыг бууруулдаг ч байгаль орчныхон үүнийг хортой гэж үздэг байна.
Трампын дээрх шийдвэр нь Обамагийн үеийн нүүрс олборлох, түрээслэх, экспортлоход тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлэх алхам болсон. Мөн хиймэл оюун ухааны төвүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн хүчин чармайлт болсныг Цагаан ордон тэмдэглэжээ.
АНУ 2024 онд 512 сая тонн нүүрс олборлож түүхэн доод хэмжээнд хүрсэн. Харин өнгөрсөн онд тус улсын нүүрсний экспортын хэмжээ 46 сая тонн хүрнэ гэж Sxcoal таамаглаж байсан юм.
Эх сурвалж: CBS