Дорноговь аймагт "Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан" болж байна. Тус хуралдаанд оролцох үеэр АҮЭБ-ийн сайд Ц.Туваан аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Доншен газрын тос (Монгол)" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ.
Тус компани нь 2003 онд БХГ байгуулж, өнгөрсөн хугацаанд хайгуул, үнэлгээний 132 цооног өрөмдөж, нийт 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Газрын тосны баталгаат нөөцийг 26.05 сая тонн буюу 186,3 сая баррель, үүнээс ашиглалтын баталгаат нөөцийг 2.07 сая тонн буюу 14,86 сая баррель нөөцтэй гэж баталжээ. БХГ-т талбайгаас 1 сая тонн газрын тос олборлож, БНХАУ руу экспортолсон байна.
Салбарын сайд Ц.Туваан үйлдвэрийн удирдлагуудад тус бүс нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал тавьсан гэж АҮЭБЯ-наас мэдээллээ.