Биржийн арилжаа тавдугаар сард түүхэн доод хэмжээнд хүрэв

Оны эхний таван сард 4.9 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжсан байна. Үүнээс 2 сая тонн нүүрс, 2.8 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, мөн хайлуур жонш, зэс тус тус арилжлаа. 


Он гарснаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа өнгөрсөн онтой харьцуулахад буурсан. Өнгөрсөн оны тавдугаар сард 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжиж байсан. Тэгвэл 2025 оны тавдугаар сард 152 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалсан нь биржийн түүхэн дэх доод үзүүлэлт боллоо. Өмнө нь “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” батлагдсаны дараах хоёр сард 12–19 мянган тонн нүүрс арилжиж байсан юм. 


Тавдугаар сарын арилжааны онцлох үйл явдлаас:

  • Тавдугаар сард 80 дуудлага арилжаа зарлагдсанаас 22.5 хувь буюу 18 нь амжилттай боллоо. Он гарснаас хойш нийт 152 арилжаа амжилттай явагдсан байна.

  • Нүүрсний арилжаанд баяжуулсан коксжих чанаргүй нүүрс гэсэн нэг төрлийн бүтээгдэхүүн амжилттай арилжаалагдсан байна. Тус бүтээгдэхүүний үнийн дундаж үнийн өсөлт 7.5 хувьд хүрсэн. 

  • “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс хойш дуудлага арилжааны хуваарь зарлаагүй байна. Тус үйлдвэр эхний дөрвөн сард 2.1 сая тонн Fe-58% төмрийн баяжмал арилжсан. 

  • Төмрийн хүдэр, баяжмалын арилжаа 85.8 мянган тонн болж он гарснаас хойших хамгийн доод түвшинд очсон. Нийт төмрийн хүдэр, баяжмалын арилжааны 75 хувийг Fe-58% төмрийн баяжмал бүрдүүлж байна. 

  • Энэ сард зэсийн хоёр арилжаа амжилттай боллоо. Зэсийн арилжаанд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ тогтмол 4530 хуурай метр тонн (ХМТ) хэмжээгээр оролцож байна. Тус үйлдвэр он гарснаас хойш 3 удаагийн арилжаагаар 13.5 мянган ХМТ 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал арилжжээ.