Уул уурхайн салбарын нүүрстөрөгчийг бууруулахад чиглэсэн сургалт болж байна

Д.Намуунцэцэг

“Нүүрстөрөгчийн зохистой хэрэглээт уул уурхай” богино хугацааны сургалт энэ сарын 15-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Сургалтыг Австралийн Гадаад Хэрэг болон Худалдааны Яам, Монгол дахь Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрийн газрын санхүүжилтээр Австралийн Күйнсландын Их Сургууль зохион байгуулж хийж байна. Сургалт хийлгэх хүсэлт саналыг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) гаргасан болно. 

Сургалтын зорилго нь Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах, мод үржүүлгийн мэдлэг, арга технологийг түгээхэд оршиж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад уул уурхайн салбарынхны оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

“Нүүрстөрөгчийн зохистой хэрэглээт уул уурхай” сургалтад оролцогчид Австрали болон бусад улс орны мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцон, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн харилцан туршлага хуваалцаж байгаа нь цаашдын хамтын ажиллагааны суурь болж буйг зохион байгуулагчид онцоллоо. Үүнээс гадна, Монголын уул уурхайн компаниуд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, байгууллагын түвшинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай практик арга зүй болон хэрэгжүүлж болох шинэ стандартуудыг энэ сургалтаар дамжуулан олж авах боломжтой юм.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Австрали болон дэлхийн 12 оронд хэрэгжиж буй Канадын Уул Уурхайн Ассоциациас боловсруулсан “Тогтвортой уул уурхайн стандарт” (ТУУС)-ын үндсэн зарчмуудыг танилцуулж, нутагшуулах ажлыг мөн эхлүүлж байна. ТУУС нь нийт есөн протоколоос бүрдэх бөгөөд тэдгээрийн нэг нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж, доройтсон газрыг нөхөн сэргээх, ногоон хөгжлийг дэмжих зорилт тавиад байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд ойролцоогоор 10 сая мод тарьснаас уул уурхайн салбар 1.2 сая мод тарьж, тодорхой хувь нэмэр оруулжээ. Цаашдаа уул уурхайн компаниуд 2030 он гэхэд нийт 600 сая мод тарих үүрэг хүлээгээд байна.