Дорнод аймгийн Матад сумаас Дорноговь аймгийн Алтанширээ сум хүртэл гурван аймаг дамнасан газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил явагдаж байгаа билээ. Тус газрын тос дамжуулах хоолойн урт 530 км бөгөөд БНХАУ-ын "Норинко Интернэйшнл Кооперэйшн Лтд" 2022 оноос гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 89.8 хувьд хүрснийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас мэдээллээ.
Энэхүү бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийт өртөг нь 919.4 тэрбум төгрөг юм. Төслийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Норинко” компанитай байгуулсан урт хугацаат гэрээний хүрээнд хэрэгжүүлж байна. Тодруулбал, хоёр компанийн хооронд 2.5+3.5 сая тонн нүүрс нийлүүлэх нөхцөлтэй байгаа. Өнөөгийн байдлаар 0.4 сая тонн нүүрсний нийлүүлэлтийн үлдэгдэлтэй байгааг "Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн юм.





















