Б.Дуламсүрэн “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилогдлоо

С.Болд-Эрдэнэ

“Рио Тинто” компанийн Зэсийн группын удирдлагын баг болон “Оюутолгой” компанийн удирдлагын багт зарим өөрчлөлт орсон байна. Шинэ бүтцийн дагуу “Оюутолгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэнг тушаал дэвшүүлэн “Рио Тинто” компанийн Зэсийн группын Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилсныг Зэсийн группын Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон мэдэгджээ. Б.Дуламсүрэн цаашид Монгол Улс дахь хувь нийлүүлэгчид, төр засаг болон бусад талуудын харилцааг удирдахаас гадна “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцан ажиллах аж. "Рио Тинто Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар Х.Амаржаргал ажиллаж байгаа бөгөөд Б.Дуламсүрэнд ажлаа тайлагнах юм байна.  Мөн тэрбээр “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр давхар томилогдож байгаа бөгөөд тавдугаар сарын нэгнээс шинэ ажлаа хүлээн авна. Харин "Оюутолгой" компанийн Санхүү эрхэлсэн захирлын сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа аж. 

Б.Дуламсүрэн 2022 оны нэгдүгээр сард “Оюутолгой” компанийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилогдож, улмаар Санхүү эрхэлсэн захирал болж байсан юм. Түүнээс өмнө “Оюутолгой” компанид бизнес, санхүүгийн шинжилгээ хариуцсан менежер, төслийн Ахлах менежер, стратеги, бизнес хөгжил хариуцсан Ерөнхий менежер эзэрг албан тушаалд 10 жил ажилласан юм. Тэрбээр АНУ-ын Пеннсильванийн Их сургуулийн бизнесийн удирдлагын магистр дүүргэсэн анхны монгол хүн юм.