Монголын геологи, хайгуул чуулганы хоёр дахь өдөр (2026.03.27) "Голден Каротаж" ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Азжаргал "Нүүрсний хайгуул, олборлолт болон зах зээлийн ирээдүйн төлөв байдал" сэдвээр илтгэл тавьсан. Тус илтгэлийн онцлох хэсгээс хүргэж байна.
Дэлхийн нүүрсний хэрэглээ 2025 онд оргил цэгт хүрсэн бөгөөд 2030 он хүртэл аажим буурах төлөвтэй байна. 2025 онд 8.8 тэрбум тонн нүүрсний хэрэглээ олон улсад үүссэн бол 2027 онд 8.7 тэрбум тонн, 2030 онд 8.5 тэрбум тонн буюу 3 хувиар буурах таамгийг Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан байна. Тухайлбал:
Хятад 181 сая тонн,
Европын холбоо 153 сая тонн,
АНУ 106 сая тонноор тус тус буурахаар байна. Харин Энэтхэг 225 сая тонн, Зүүн Өмнөд Ази 127 сая тонноор тус тус өсөх хандлагатай байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нүүрсний олборлолт Хойд Америк, Европын Холбоонд 645 сая тонноор буюу 41 хувиар буурсан. Харин Ази Номхон Далайн улс орнууд 1.8 тэрбум тонноор буюу 33.9 хувиар өссөн байна.
Хятадын нүүрсний нийлүүлэлт харьцангуй тогтвортой байна. Өнгөрсөн онд коксжих нүүрсний дотоодын нийлүүлэлт 6.5 сая тонноор нэмэгдэж, импорт 3.7 сая тонноор буурсан. 2023 оноос хойш коксжих нүүрсний импорт өсөлттэй хэвээр байна. Улмаар коксжих нүүрсний дотоодын олборлолтыг хянах, импортыг хязгаарлах замаар нийлүүлэлтийг жил бүр дунджаар 2 хувь, таван жилийн хугацаанд 10 хувиар бууруулах таамагтай байна.
2025 онд Хятадын нүүрсний импорт 490.5 сая тонн болж өмнөх оноос 9.6 хувиар буурсан. Тус улсын нийт нүүрсний импортын 43.1 хувийг Индонез Улс, 18.1 хувийг ОХУ, 18.1 хувийг Монгол Улс, 15.8 хувийг Австрали Улс, 4.8 хувийг АНУ, Канад болон бусад улс бүрдүүлсэн байна.
Өнгөрсөн онд манай улсаас импортлох нүүрсний хэмжээ 7.3 хувиар өсөж, Индонез, ОХУ, Австралийнх буурсан. Индонезийн нийлүүлэлт буурсан нь нүүрсний экспортод татвар авч эхэлсэн, Австралийн олборлолтын өртөг сүүлийн жилүүдэд нэмэгдсэнтэй холбоотой байна.
Манай улс 2025 онд экспортолсон 90 сая тонн нүүрсний 28.8 сая тонныг "Эрдэнэс Тавантолгой" ХК, 15 сая тонныг "Монголын Алт МАК" ХХК, мөн "Эс Жи Эс" ХХК, "Өсөх Зоос" ХХК, "Тавантолгой" ХК болон бусад компаниуд бүрдүүлсэн байна.


























