“Эрдэнэс Монгол” компаниас “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан билээ. Сонгон шалгаруулалтад 10 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Б.Тэлмүүн хамгийн өндөр оноог авч, Гүйцэтгэх захирлаар ажиллахаар болсон байна. Түүнийг ойрын хугацаанд үүрэгт ажилдаа орно хэмээн “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.
Б.Тэлмүүн нь 2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан, “Эрдэнэс Монгол” ХХК, “Төрийн банк”-ны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан туршалагатай юм. Сүүлд Сангийн яамны Татварын бодлогын газраар даргаар ажиллаж байгаад Азийн хөгжлийн банкны Төрийн санхүүгийн удирдлага,засаглалын газарт ахлах шинжээчээр ажиллаж байгаа юм.
Б.Тэлмүүн нь МУИС, СЭЗИС болон АНУ-ын Корнеллийн их сургууль төгссөн. Олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын эрх зүй, нийтийн удирдлагын магистрын зэрэгтэй. Эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн. Оксфорд, Дюк, Сидней, Гриффитийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

























