Хятадын компаниуд шаардлага хангаагүй тул Бортээг ордыг "Эрдэнэс Тавантолгой" ашиглана

Бортээгийн ордод хөрөнгө оруулах олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.06.03) танилцууллаа. 

Тэрбээр "Уул уурхайн нөөцийг эргэлтэд оруулах Засгийн газрын үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордоос Бортээгийн ордыг ашиглалтад оруулах, үүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтыг олон улсад зарлаад байсан. 7 компани, консорциум саналаа ирүүлсэн. Гэхдээ саналаа ирүүлсэн оролцогчдын санал Засгийн газраас тавьж буй шаардлагыг хангаагүй учир Бортээгийн ордыг "Эрдэнэс Тавантолгой" компанид хариуцуулахаар боллоо" хэмээн мэдээллээ. 

Оролцогчдын саналыг 1000 оноо хүртэл үнэлж, 700-гаас дээш оноо авсан оролцогчидтой хэлэлцээрт орохоор сонгон шалгаруулалтад тусгасан. Ерөнхий шаардлага, хамтран ажиллах нөхцөлд экспортын шинэ гарц, шинэ боомтоор борлуулах боломжтой тохиолдолд жилд 30 сая тонн хүртэл олборлолт хийх, одоогийн нөхцөлд олборлолтыг 15 сая тонноос хэтрүүлэхгүй байх зэрэг багтсан. 

Дотоод, гадаадын нийт долоон ААН Бортээгийн ордыг ашиглах сонгон шалгаруулалтад санал ирүүлсэн. Үүнээс Baowu Resources Co.,Ltd-ын консорциум, China Energy Materials & Technology Xuzhou Co.,Ltd-ын консорциум, China Risun Group (Hong Kong) Limited  компани гэсэн гурван 3 оролцогч 510 сая ам.доллароос 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр санал болгож, Засгийн газрын Ажлын дээрх оролцогчидтой онлайн уулзалт хийж, нэмэлт тодруулга авч, хөрөнгө оруулалтыг нарийвчилсан байна.

Гэвч дээрх консорциумууд Засгийн газрын тавьсан шаардлагыг хангаагүй тул, Бортээгийн ордыг "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрсдөө менежментийн зохион байгуулалт хийж, үндэсний туслан гүйцэтгэгч компаниудаар хөрс хуулалт, олборлолтыг эхлүүлж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газраас үүрэг болгосон байна. "Эрдэнэс Тавантолгой" компанийг  хөрс хуулалт, олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, тээвэр гээд бүхий л талаар ажиллах чадамжтай гэж дүгнэжээ.