Оюутолгой: Гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 88 хувь биелэлттэй байна

Б.БАЯР

"Оюутолгой" компани 2022 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцуулав. Гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл энэ оны гуравдугаар улиралд 88 хувь биелэлттэй байна. Одоогийн байдлаар 4227 м малталт хийгджээ. Гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Есдүгээр сард агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлт 176 болон 276 метрийн гүнд хүрчээ. Налуу амын барилгын болон гүн дэх ажлыг оролцуулаад материал тээврийн дэд бүтцийн сүүлийн шатны барилгын ажил энэ оны хоёрдугаар улиралд эхэлсэн. Панель 1 болон 2 (өдөрт олборлох хүдрийг 95,000 тоннд хүргэхэд чухал оролцоотой)-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагаст төлөвлөгөөний дагуу дуусгахаар байна. Уурхай дахь ажиллах хүчний хуваарилалт 2022 оны шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллын дагуу явж байгаа аж.

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Манай хамт олон энэ оны гуравдугаар улиралд өндөр гүйцэтгэлтэй байж, зардал өсөж буй энэ цаг үед үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажилласны зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ. Бид үйл ажиллагаагаа эрхлэн явуулахдаа өөрийн хүмүүсийн аюулгүй ажиллагаа, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьж, осол аюулгүй, бие биедээ санаа тавьдаг, оролцоог хангасан ажлын байрны соёлыг бэхжүүлж, хүн бүрд өдөр бүр хүндэтгэлтэй ханддаг зан байдлыг төлөвшүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна" гэлээ.