Н.Ариунтуяа
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж байгаа. Уг хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ хэмээн Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэж байсан билээ.
Нэг удаагийн, тусгай зохицуулалт бүхий энэхүү хуулийн төслөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос бий болох нийт эдийн засгийн үр өгөөжийг шинээр тодорхойлж, түүний 60-аас доошгүй хувь нь ард түмэнд ногдох зарчмыг хуульчлах юм. Мөн ард түмэнд ногдох үр өгөөж хуульд заасан босго хэмжээнээс буурсан тохиолдолд өгөөж тохируулах төлбөр ногдуулах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөс хамааран тусгай АМНАТ-аар орлуулах зохицуулалтыг багтаасан байна.
Стратегийн ордоос бий болох нийт үр өгөөжийн бүрэлдэхүүнд 16 төрлийн татвар, төлбөр, хураамжийг оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг төсөвт төвлөрөх орлогоос гадна орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт, тусгай АМНАТ, өгөөж тохируулах төлбөр зэрэг багтаж байгаа юм байна.
Энэхүү нийт үр өгөөжөөс 12 төрлийн татвар, төлбөр, АМНАТ, тусгай АМНАТ, орон нутгийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт зэрэг төр болон олон нийтэд шууд очих орлогыг ард түмэнд ногдох өгөөж гэж үзэхээр урьдчилсан байдлаар тооцож байгаа ажээ.


























