"Оюу толгой"-гоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна

С.Болд-Эрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.08.31/ Монгол Улсын 2027 төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-дөргөн мэдүүлсэн билээ. Ирэх оны улсын төсвийн тухай хуулийн хамгийн онцлох зүйл нь Монгол Улс “Оюу толгой” компаниас анх удаа ногдол ашиг авахаар болсныг төсөвт тусгажээ. Ногдол ашгийн хэмжээ багадаа 3 их наяд төгрөг буюу ойролцоогоор 835 сая ам.доллар байхаар байна.

2026 оны 6 дугаар сард Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийсэн. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд “Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг SOFR + 6.5% байсныг SOFR + 4% болгож бууруулсан. Мөн энэ онд багтаан “Оюу толгой” компаниас Монгол Улс ногдол ашиг авахаар болсон хэмээн Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэж байсан билээ. 

Тэгвэл ногдол ашгийн хэмжээ ийн тодорхой болж байна. Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2026.09.01/ ““Рио Тинто” групптэй хэлэлцээр хийсний үр дүнд “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг 2027 оны улсын төсөвт тусгаж оруулсан. Ногдол ашгийн хэмжээг хамгийн багаар буюу 3 их наяд төгрөг байхаар төсөвлөсөн. Үүнээс 2 их наяд төгрөгийг нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах, 1 их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдэд хүртээж, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн зээлд зарцуулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна” хэмээн мэдээллээ. 

УИХ 2024 оны 4 дүгээр сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан.  Тус хуулиар Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлжсөн сангаас бүрдэхээр зохицуулсан. Үүнээс Хуримтлалын сан нь уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогыг төвлөрүүлж, иргэн бүрийн нэрийн дансанд байршуулдаг. Энэхүү Хуримтлалын сангийн иргэн бүрд ногдож буй хөрөнгийг тухайн иргэн зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн зээлдээ зарцуулах боломжтой юм. 

2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хуримтлалын санд нийт 1,396.7 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 388.5 сая ам.доллар хуримтлагдаад байна. 2027 онд 1,468.0 тэрбум төгрөгийг /408 сая ам.доллар/ уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудын ногдол ашгаас төвлөрүүлэхээр тооцож байгаа аж. Үүний 1 их наяд төгрөг нь /835 сая ам.доллар/ “Оюу толгой” компанийн ногдол ашиг байх юм байна.