Наймдугаар сард Монгол 8.41 сая тонн коксжих нүүрс Хятад руу экспортолжээ

Э.ОД

Энэ оны эхний долоон сард Хятад улс 80.5 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Долоодугаар сард 13.62 сая тонныг импортолсон нь он гарснаас хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 41 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, тухайн сард Монголоос Хятад руу нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ өмнөх сарынхаас 13.5 хувиар буурч 6.2 сая тоннд хүрчээ. Хоёр сарын өмнөх Хятадын импортын коксжих нүүрсний дундаж үнэ тонн тутамд 134 ам.доллар байсан байна. 

Тэгвэл наймдугаар сард Хятад 8.41 сая тонн коксжих нүүрс Монголоос импортолжээ. Ингэж нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж буйг тус улсын шинжээчид тайлбарласан байна. Хятадад тавдугаар сард Шанси мужид гарсан уурхайн ослын дараа уурхайнуудад аюулгүй ажиллагааны шалгалт эрчимжиж, нүүрсний олборлолт буурсан. Зургаадугаар сард Хятадын нүүрсний олборлолт жилийн өмнөхөөс 9.7 хувиар буурсан бөгөөд энэ нь импортын хэрэгцээг огцом нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Гэхдээ тус улсын дотоодын нүүрсний олборлолт наймдугаар сараас сэргэх төлөвтэй тул өсөлтийг хязгаарлах магадлалтай. 

2026 оны эхний хагасын байдлаар Хятад 66.88 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 93.35 хувийг Монгол, ОХУ, Австрали нийлүүлжээ. 

Энэ хугацаанд Монгол Улс 40.58 сая тонн нийлүүлэлтээр тэргүүлсэн бол ОХУ 17.27 сая, Австрали 4.59 сая тонноор удаалсан байна. Канадын нийлүүлэлт 2026 онд мэдэгдэхүйц буурсан бөгөөд зургаадугаар сард 205,000 тонныг Хятад импортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 79.2 хувь буурчээ. 

Эхний хагас жилийн үзүүлэлтээр Монгол Улс нийт 40.58 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Зөвхөн зургаадугаар сард 7.18 сая тонныг нийлүүлж Хятадын коксжих нүүрсний нийт импортын 59 хувийг эзэлсэн. 

S&P Global-ийн шинжээчид 2026 онд Монголын коксжих нүүрсний нийлүүлэлт дангаараа 80 сая тонн буюу түүнээс дээш хүрэх боломжтой гэж таамаглаж байна. 

Өвөрмонголын Баяннуур аймагт болсон (2026.06.24) “Хятад, Монголын нүүрсний худалдаа” хурлын үеэр “Fenwei Digital Information Technology” компанийн Коксжих нүүрс, коксын индексийн хэлтсийн ахлагч Ву Цян илтгэлдээ “2026 онд БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 126 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өснө" гэсэн төлөвийг танилцуулсан. 

Өнгөрсөн онд Хятад нийт 118.6 сая тонн коксжих нүүрс импортолсон байдаг.