Монгол Улсын Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төсвийн төсөлд төмөр замын дэд бүтцийн хил холболтын төслүүд хэрэгжсэнээр экспорт нэмэгдэж, гадаад худалдааны ашиг өсөхөөр тооцжээ.
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2027 онд 6.4 тэрбум ам.долларын ашигтай байх төлөвтэй байна. Үүнд уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт ирэх онд дунджаар 8 орчим хувиар өсөхөөр төсөөлжээ.
Нүүрсний баяжуулах үйлдвэрийн нөлөөгөөр коксжих нүүрсний хувь хэмжээ өсөж, Оюутолгойн зэсийн баяжмал дахь цэвэр зэсийн агуулга нэмэгдэж байгаа болон дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтвортой байх нь экспортын орлогыг нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээ нь эрдэс түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзжээ.
Нөгөө талаас төмөр замын хил холболтын төслүүдийн хэрэгжилт удаашрах нь нүүрсний экспортыг төлөвлөсөн хэмжээнээс бууруулах эрсдэлтэй гэж тооцсон байна.




















