MiningWeek & MinePro 2026: Уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоо: Боломж ба сорилт

MiningWeek & MinePro 2026 олон улсын уул уурхайн чуулга уулзалтын хүрээнд “Уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоо: Боломж ба сорилт” хурал есдүгээр сарын 16-ны 10:00-13:00 цагт болох гэж байна. Тус хурлыг Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Майнинг Инсайт сэтгүүл болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран зохион байгуулах юм. 

Хуралдаан MiningWeek & MinePro 2026 чуулганы “Санаачилга” танхимд болох бөгөөд Монголын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог мэргэжил сонголтоос эхлээд карьерын хөгжил, манлайллын сэдвийн дор олон олон асуудлыг хэлэлцэнэ. Ингэхдээ уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд карьерын аль шатанд ихсэж, багасаж байгааг тодорхойлохын зэрэгцээ, ямар хүчин зүйл нөлөөлж байгааг нээн ярилцах зорилготой юм. 

Хөтөлбөрийн хүрээнд “Боловсролын замнал-Мэргэжил сонголтоос ажил эрхлэлт хүртэл”, “Карьерын замнал-Ажилд орохоос манлайлал хүртэл” гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд их дээд сургууль, политехник коллеж, компаниудын илтгэл болон олон талын оролцогчтой хэлэлцүүлэг өрнөнө. 

Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдээ илүү тогтвортой, ажлын байрандаа ахиц дэвшилтэйгээр ажиллуулахад олон талын оролцоо чухал тул төр, хувийн хэвшил, салбарын их дээд сургуулиудаас 2026 онд хэрэгжүүлэх нэг тодорхой амлалтыг авах болно.