Хятадад коксжих нүүрсний дундаж үнэ 13.5%-иар өсөв

БНХАУ-ын муж, өөртөө засах орнуудын коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 2026 оны есдүгээр сарын 14-ний байдлаар 1818 юань хүрч, өнгөрсөн сарын 27-ны өдөртэй харьцуулахад 13.5 хувь буюу 217 юаниар өссөн гэж Sxcoal сайт мэдээллээ.

Бүс нутгуудаас Шаньси 30 хувь буюу 447 юань, Шаньдун 19 хувь буюу 260 юань, Жянсү 19 хувь буюу 250 юань, Ниншя 18 хувь буюу 357 юань, Өвөр Монгол 18 хувь буюу 347 юаниар тус тус өссөн байна. Харин Шэньси мужид үнэ зургаан хувь буюу 107 юаниар буурчээ.

Хятадад коксжих нүүрсний үнэ өсөхөд нийлүүлэлт хумигдсан нь голлон нөлөөлсөн гэж SunSirs мэдээлжээ. Шаньси мужийн далд уурхайн ослын дараа уурхайн аюулгүй ажиллагааны хяналт чангарч, зарим уурхайн олборлолт зогссон эсвэл буурсан бөгөөд үйлдвэрлэлийн сэргэлт удаашралтай байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрсэн нүүрс тээврийн автомашины тоо наймдугаар сарын эхэнд өдөрт 1400 орчим байсан бол сарын сүүлийн хагаст 590 орчим болж буурчээ. Түүнчлэн Хятадын коксжих нүүрсний нөөц таван жилийн доод түвшинд хүрсэн, гангийн үйлдвэрлэлийн эрэлт өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлсөн байна.