Монголд лиценз олгох боломж Казахстанаас 64%-иар бага байна

Монгол Улсын газар нутгийн 21 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байгаа бол Казахстанд энэ үзүүлэлт 59 хувь, Австралид 65 хувь байна. Энэ талаар “Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн нээлтэд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлж, Монгол Улс хайгуулын ажлаа эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо. 

Түүний хэлснээр, өнөөдрийн байдлаар ашиглалтын 1,760, хайгуулын 1,102 тусгай зөвшөөрөл байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ашиглалтынхаас тав дахин их байж хойч үед ашиглах нөөцийг тогтоох боломж бүрдэнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оюут ордын сүүлийн өрөмдлөгийн үеэр очсоноо дурдаж, тус ордын нөөцийг энэ жил ЭБМЗ-өөр бүртгүүлэх хүртэл 51 жил зарцуулсныг онцлов.

“Бид өнөөдөр 1990 оноос өмнөх эрэл, хайгуул, судалгааны үр дүнгээр ажиллаж, амьдарч байна. Оюутолгойг эс тооцвол 1990 оноос хойш том хэмжээний хайгуул, судалгааны ажил хийгдэж чадахгүй байна” гэж Г.Дамдинням хэлэв.

Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нийт газар нутгийн 1.2 хувь, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай 3.6 хувийг эзэлж байна.

Монгол Улс 1.56 сая ам км газар нутагтайгаас 21 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой. Харин 2.72 сая ам км газар нутагтай Казахстаны хувьд энэ үзүүлэлт 59 хувь, 7.69 сая ам км газар нутагтай Австралид 65 хувь байгааг Г.Дамдинням харьцуулан танилцууллаа. 

Сайдын танилцуулсан мэдээллээр, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой газар нутгийн эзлэх хувь Монголд Казахстаныхаас 64 хувь, Австралийнхаас 68 хувиар бага байна.