Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын ээлжит хурал (2026.09.16-17) боллоо. Энэ удаагийн шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сарын ээлжит бус хурлаар мөнгөний бодлогыг чангаруулсантай харьцуулан хүргэж байна.

Долоодугаар сард инфляц 13 хувьд хүрсэнтэй холбоотойгоор Монголбанк наймдугаар сарын ээлжит бус хурлаар бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.5 хувь, төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.5 хувь болгож мөнгөний бодлогоо чангаруулсан. Харин наймдугаар сард Монгол Улсын инфляц 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь болж буурсан ч есдүгээр сарын хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээлээ. 

Хүнсний нийлүүлэлт сайжирснаар инфляцын дарамт хэсэгчлэн суларсан ч шатахууны үнийн өсөлт, төсвийн зардал, цалин болон гадаад орчны эрсдэл хэвээр байна. Харин эдийн засгийн өсөлтийг уул уурхай, тээврийн салбар үргэлжлүүлэн тэргүүлж, нүүрсний экспортын өсөлт болон алт, зэсийн өндөр үнэ гадаад секторын үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлжээ.

Уул уурхайн экспортын өсөлт эдийн засаг, төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд дэмжлэг үзүүлж байгаа ч наймдугаар сарын хурлын тэмдэглэлд валютын цэвэр орох урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор мөнгөний нийлүүлэлтийн өсөлт эрчимжиж байгааг мөн онцолсон байна.

Инфляц ирэх оны хоёрдугаар улирлаас алгуур саарч, оны эцэст зорилтын дээд интервалын орчимд хүрэх төлөвтэй байна. Энэ удаагийн хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээсэн ч энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл хэрхэн батлагдах нь инфляцын цаашдын төлөвт томоохон өөрчлөлт оруулах эрсдэлтэй байна.