Уул уурхайн гурван компанийн ДНБ-д үзүүлэх нөлөө 16 хувьтай тэнцэж байна

Монголын уул уурхайн томоохон компаниуд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Энержи Ресурс” ХХК, “Оюу Толгой” ХХК-ийн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй хувь нэмрийг тодорхойлох судалгааг “Эм Эм Си Жи” судалгааны байгууллага хийжээ. Тус судалгааны зарим гол үр дүнг хүргэж байна.

Судалгаагаар Монгол Улсын эдийн засаг, ДНБ-д үзүүлж буй нөлөөг харьцуулбал "Оюу Толгой" ХХК 9 хувь, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ 5 хувь, "Энержи Ресурс" ХХК нь 2 хувьтай тус тус тэнцэж байна. Олон улсынхтай харьцуулбал Samsung Electronics БНСУ-ын ДНБ-ний 10 хувьтай, Аpple компани АНУ-ын ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэх эдийн засгийн нөлөө үзүүлсэн байдаг.  

Ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэгчдээр дамжин бий болсон нэмүү үнэ цэн "Энержи Ресурс" ХХК-ийн хувьд "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-аас 14 хувь, "Оюу Толгой" ХХК-иас 26 хувь өндөр байна.

2009 оноос өмнө Өмнөговь аймаг хүн амаа төв рүү эрчтэй алдаж байсан бол уул уурхайн нөлөөгөөр 2009 оноос хойш хүнээ татаж, Цогтцэций, Ханбогд сумууд Эрдэнэтийн дараа орох шинэ суурьшлын бүс болон хөгжиж, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, бизнесийн идэвхжил эрс сайжирлаа.

Нүүрсийг дан түүхийгээр экспортолж байсан  манай улс Ухаа худаг дахь Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэртэй болсноор эдийн засагт нэг тэрбум орчим ам.долларын нэмэлт орлого орж ирсэн  байна.

Өмнийн бүсэд Ухаа худгийн цахилгаан станц ашиглалтад орсноор цахилгааны импортоор гадагшаа алдах байсан 118 сая ам.долларын валютын урсгалыг дотоодод үлдээжээ. Түүнчлэн энэхүү цахилгаан станц нь өмнөд бүсийн хэрэглэгчдэд борлуулсан цахилгаан эрчим хүчний тал орчим хувьтай тэнцэх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн бөгөөд өвлийн улирлын оргил ачааллын үед төвийн эрчим хүчний ачааллаас хуваалцаж байна.

Олборлолт, баяжуулалт, тээвэрлэлт, экспорт гээд цогцоор нь, үр ашигтай шийдвэрлэсэн нүүрсний аж үйлдвэрийн цогцолбор нь нүүрсний салбарын олборлолт, ДНБ, төсвийн орлогын 8-12 хувийг бүрдүүлж байна.