З.Ган-Очир өөрийн хүсэлтээр “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгджээ

“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүн өөрчлөгдсөн байна. Монголын Засгийн газрыг төлөөлдөг гурван гишүүний нэг З.Ган-Очир чөлөөлөгдөж түүний оронд “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болжээ. З.Ган-Очир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд түүний хүсэлтийг өнгөрсөн 10 дугаар сард шийдвэрлэсэн байна.

2020 онд “Оюутолгой” компанийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлөн суух гишүүдийн сонгон шалгаруулалт анх удаа зарласан байдаг. Уг сонгон шалгаруулалтаар томилогдсон хоёр хүний нэг нь З.Ган-Очир юм. Түүнийг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Засгийн газар болон “Рио Тинто” групп хоорондын хэлэлцээр, “Эрдэнэс Оюутолгой” компанийг чадавхжуулахад ихээхэн үүрэгтэй оролцсон хэмээн үздэг.

З.Ган-Очир Канадын Хэйлибюри коллежийн уул уурхайн сургууль болон ШУТИС-ийг уул уурхайн инженер, Хонконгийн Шинжлэх ухаан технологийн сургууль, АНУ-ын Нью-Йоркийн Их Сургуулийн Leonard Stern-ний нэрэмжит бизнесийн сургуулиудад олон улсын санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан уул уурхайн салбарын туршлагатай эксперт юм.