Хятад: Дотоодын эрчим хүчний нүүрсний гэрээний удирдамжийг шинэчиллээ

Э.ОД

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос 2023 оны дотоодын эрчим хүчний нүүрсний дунд, урт хугацааны гэрээний удирдамж гаргасан нь ирэх жилийн тус улсын нүүрсний зах зээлийн ерөнхий төлөвийг тодорхойллоо гэж шинжээчид үзэж байна.

Тус удирдамжид анхаарал татахуйц зарим шинэ өөрчлөлтүүд орсон байна. 2022 онд 2.6 тэрбум тонн байсан гэрээний нийт хэмжээг ирэх онд 2.9 тэрбум тонн болгон нэмэгдүүлжээ. Мөн 2023 онд нийлүүлэлтийн гэрээнд оролцох 7 компанийг танилцуулсан нь эцсийн хэрэглэгчидтэй шууд гэрээ байгуулдаг жишгийг өөрчилжээ. Эдгээр компани жижиг уурхайг төлөөлөх гэрээт нийлүүлэгчид юм.

Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос, хойд боомтуудад 5500 ккал эрчим хүчний нүүрсний үнийг 570-770 юань/тн барина. Түүнчлэн, төмөр замаар тээвэрлэх нүүрсний ачааг нэн тэргүүнд тавина. 

Удирдамж гарснаас хойш, Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн гол бүс нутгийн нэг Өвөрмонголын 14 уурхай нь эрчим хүч, дулааны 50 станц болон 10 мужтай нийт 180 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад байна.