“Рио Тинто” Оюутолгойн 66 хувийг эзэмших боломжтой боллоо


Б.ЭНХМАА

Монголын “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн баасан гаригт боллоо. Уг хурлаар тус компанийн 49 хувийг эзэмшдэг жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нэг бүрийг нь 43 канад доллараар худалдан авах санал гаргасан “Рио Тинто” компанийн саналыг хэлэлцсэн байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Рио Тинто”-гийн саналыг хүлээж авахыг дэмжжээ. “Туркойз Хилл Ресурс” компанийн мэдээлснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн 60 хувь нь дэмжих санал өгснөөр “Рио Тинто” тус компанийг 100 хувь эзэмших эрхтэй болж байна.

“Рио Тинто” компанийн зүгээс “Туркойз Хилл Ресурс”-ын 49 хувийг худалдан авч, бүрэн эзэмших саналаа өнгөрсөн 3 дугаар сард тавьсан. Түүнээс хойш хоёр ч удаа үнийн саналаа өсгөсөн, зарим жижиг хувьцаа эзэмшигч эсэргүүцсэн хэмээн багагүй асуудалтай тулгараад байсан юм. “Туркойз Хилл Ресурс”-ын мэдэгдэлд дурдсанаар компани уг саналаа Канадын Юконы шүүхэд хүргүүлэх бөгөөд энэ сарын 14-нд шүүхээс эцсийн шийдвэр гарах юм байна. Шүүх уг саналыг зөвшөөрвөл хувьцааг худалдан авах процесс эхэлнэ. Ингэснээр “Рио Тинто” компани “Туркойз Хилл Ресурс”-т эзэмшдэг 51 хувийн эзэмшлээ 100 хувь болгож, улмаар Оюутолгой төслийн 66 хувийг шууд эзэмших боломжтой болж байгаа юм.

Энэ талаар “Рио Тинто”-гийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд “Хувьцаа эзэмшигчид ийнхүү дэмжлэг үзүүлсэн нь бүх оролцогч талуудад олон талын ашигтай бөгөөд тухайлбал Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй Оюутолгой төслийг урагшлуулахад засаглал, хувь эзэмшлийн бүтэц илүү энгийн хялбар, үр дүнтэй болох юм” хэмээн онцолсон байна.