Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар (2023.05.1-2) Хятад улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ (2023.05.01)хийж Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцжээ.
Тухайлбал, Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Хятадын зах зээлд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг урт хугацаанд, тогтвортой нийлүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах.
Хоёр орны хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх зорилгоор 1955 оны Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тус тус эрчимжүүлэх. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал төмөр замын боомтыг нэмж тусгах асуудлыг урагшлуулах. Түүнчлэн, Монгол Улсын нар, салхины эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг судлах зэрэг асуудлыг хөндсөн байна.
Энэ удаагийн албан ёсны хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэлийг хангах, энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын харилцаа холбоог эрчимжүүлэх талаар санал солилцжээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам