Э.ОД
Уурхайчдын амь насны эрсдэлийг бууруулахын тулд Хятад улс дотоодын нүүрсний уурхайнуудын хяналт, журмыг чангатгах нь дэлхийн хамгийн том хэрэглэгч зах зээлд нийлүүлэлт тасалдах, нүүрсний үнэ өсөж болзошгүй байна. Энэ оны тавдугаар сарын 1-нээс зөрчил гаргасан тухайн уурхайг албадан хаах, түүнчлэн 20 сая юань буюу 2.8 сая ам.доллароор торгууль ногдуулах журам үйлчилж эхлэх аж.
Сүүлийн 1 жилд байгалийн хэд хэдэн гамшиг тохиолдсоны дотор Өвөрмонгол дахь ил уурхайн хөрсний гулгалтаас болж 53 уурхайчин амиа алдсан нь Хятадын эрх баригчдыг ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулахад хүргэсэн. 2023 онд Хятадад уурхайн аюулгүй байдлын чиглэлээр 2000 гаруй шалгалт хийгджээ.
Хонконгод төвтэй Daiwa Capital Markets-ийн шинжээч Деннис Ип “Энэхүү бодлого шийдвэрээс үүдэн 2024 оны хоёрдугаар хагаст Хятадад олборлолт тасалдах, улмаар нүүрсний үнэ өсөх магадлалтай”-г анхааруулжээ.
2021 онд БНХАУ-ын Коммунист намын 100 жилийн ойг угтан тус улсын Засгийн газар хатуу арга хэмжээ авсан үеэс уурхайн аюулгүй байдлын асуудалд дахин анхаарал хандууллаа. Тухайн жил дотоодын олборлолтыг хязгаарласнаас нүүрсний хомсдол үүсэж, улмаар Хятад даяар эрчим хүчний хямрал тохиосныг судлаачид онцолж байна. Үүний дараагаар Бээжин үйлдвэрлэлээ эрчимжүүлэн нүүрсний нийлүүлэлтийг баталгаажуулахыг чухалчилсан. Эдгээр хүчин чармайлтын үр дүнд өнгөрсөн хоёр жилд Хятад эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшээ хангаж чадсан бөгөөд нүүрсний үнэ 24 хувиар буурчээ. Нөгөөтэйгүүр, дэлхий дахины цэвэр эрчим хүчний шилжилтийн энэ цаг үед Хятадын нүүрсний импортын хэмжээ дээд хэмжээнд хүрээд байна.