Рио Тинто группын охин компани болох Energy Resources of Australia (ERA)-ийн ураны Jabiluka уурхайн ашиглалтын гэрээгээ 10 жилээр сунгаж, шинэчлэх хүсэлтийг Австралийн хойд нутгийн Засгийн газар хүлээж аваагүй байна. Дэлхийн өвд бүртгэгдсэн Какаду үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн доор байрладаг Jabiluka орд нь өндөр чанартай ураны нөөц ихтэй аж. Энэ уурхай нь Energy Resources of Australia-ийн ураны Ranger уурхайтай зэрэгцээ байрладаг байна. Тэгвэл 2021 онд Австралийн Засгийн газраас Ranger төслийн ураны олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг зогсоожээ.
Австралийн Засгийн газраас Jabiluka төслийн түрээсийн хугацааг сунгахаас татгалзаж, тус газрыг Какаду үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгтгэхээр зорьж байна. Уг шийдвэр нь тухайн ордын Мираррчуудын (уугуул иргэд) шаардлага, эсэргүүцлийн үр дүнд гарчээ.
Energy Resources of Australia нь нөхөн сэргээлтийн урт хугацааны гэрээг уугуул иргэдтэй байгуулсан бөгөөд бичгээр зөвшөөрөөгүй тохиолдолд олборлолт хийхийг хориглох талаар тус гэрээнд тусгагдсан байжээ. Рио Тинтогийн Jabiluka-ийн талбайн ашиглалтын түрээсийн хугацаа наймдугаар сарын 11-нд дуусгавар болох аж. 1991 оноос хойш тус талбайг эзэмшиж ирсэн ч уурхайдаа хөгжүүлэлт хийгээгүй байна.
Хойд Австралийн нөөц баялгийн сайд Мадлен Кинг “Ашиглалтын гэрээг эрс эсэргүүцэж буй уугуул иргэдийн дэмжлэггүй бол тус ордыг хөгжүүлэхгүй байх үүрэг ERA, түүний гол хувьцаа эзэмшигч Рио Тинто хүлээсэн. Би Jabiluka уурхайн ашиглалтын гэрээтэй холбоотой бүх сонирхогч талуудтай уулзсан. Энэхүү шийдвэр талуудад тодорхой, ойлгомжтой байдлыг бий болгож байна” гэжээ.