Зургийн эх сурвалж: Diggermantraining
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 8 сарын байдлыг өнөөдөр (2024.09.17) танилцууллаа.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өссөн. Үүнээс ус хангамж, хүрээлэн буй орчныг дахин сэргээх салбар 24.6 хувь, уул уурхай, олборлох салбар 14.8 хувь, цахилгаан, хий, агааржуулалтын салбар 7.6 хувь, боловсруулах салбар 1.6 хувиар тус тус өсчээ. Нийт өсөлт 11.4 хувьд хүрсэн байна.
Уул уурхай, олборлох салбарын өсөлтөд чулуун, хүрэн нүүрсний олборлолт 37.6 хувь, металлын хүдэр олборлолт 0.1 хувь, бусад ашигт малтмалын өсөлт 30.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. Харин газрын түүхий тос, байгалийн хийн олборлолт 10.2 хувиар буурчээ.
Уул уурхай, олборлох салбарын сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 5.1 сая төгрөг байна. Энэ нь улсын дундаж цалингаас хоёр дахин өндөр байна.