“Оюутолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг 15 орчим жилийн хугацаанд үлгэр жишээ удирдсан Элчин сайд Галсангийн Батсүх өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа шилжүүлэн өгөхөөр шийдсэнтэй холбоотой ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтоныг томилж буйг мэдэгдэж байна. Тэрээр аравдугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэх юм. Шон Хинтон нь Англи, Австрали иргэншилтэй бөгөөд Монгол Улсад ажиллаж, амьдарсан арвин туршлагатай, олон улсын бизнес, тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөн мэдлэгтэй. Тухайлбал, Нээлттэй Нийгэм Сангийн "Эдийн засгийн шударга байдал" хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал, Соросын эдийн засгийн хөгжлийн сангийн Гүйцэтгэх захирал, "Саусгоби Ресурс" команийн ТУЗ-ийн дэд дарга зэрэг алба хашиж байсан.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Оюутолгойн цаашдын ирээдүй ийнхүү урагшлан хөгжих замдаа итгэл төгс орсон учраас миний бие эдүгээ хүртэл эрхэлж буй ТУЗ-ийн даргын үүрэгт ажлаа шилжүүлэн өгөх цаг ирсэн гэж үзсэн болно. Оюутолгой нь туулж ирсэн түүхийнхээ туршид цөөнгүй хүнд хэцүү цаг үе, сорилт бэрхшээлийг даван туулж баймааж бахдалтай агаад тэмдэглэлтэй ололт амжилтуудыг цогцлоосон замналтай. ” хэмээн онцолсон юм.
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер "Оюутолгой компанийн ТУЗ-ийн шинэ даргаар томилогдож буй Шон Хинтон анх 1988 онд МУИС-д суралцахаар ирж байсан бөгөөд Монгол Улстай амьдралаа нягт холбосон нэгэн юм. Ажил, амьдралынхаа багагүй хугацааг бизнесийн болоод нийгэмд чиглэсэн цөөнгүй байгууллага хөгжүүлэх, олон улсын түншлэл, хамтын ажиллагааны чиглэлээр ажиллахад зориулсны зэрэгцээ Монголд хувийн бат бөх хүрээлэлтэй болж чадсан. Хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудад тогтвортой өсөлт хөгжил, ололт амжилт авчрах их үйл хэргийг үргэлжлүүлэх, ирж буй он жилүүдэд “Оюутолгой”-н ТУЗ-ийг удирдан чиглүүлэх чухал ажилд тохирох манлайлагч гэж үзэж байгаа”-г тэмдэглэжээ.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн даргаар шинээр томилогдож буй Шон Хинтон ““Оюутолгой”-н ТУЗ-ийн даргаар томилогдож буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ чухал албыг хаших итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу, их үүрэг хариуцлага ирж буйг ухамсарлан, бахдах сэтгэл төрж байна. Өнөөг хүртэл цогцлоож ирсэн гайхалтай амжилтыг улам бэхжүүлж, “Оюутолгой”-н ТУЗ-ийг амжилттай удирдана гэдэгтээ итгэлтэй байна. Олон улсад нэр хүнд нь нэгэнт эергээр танигдсан “Оюутолгой” компани зэс олборлох томоохон бөгөөд цогц уурхайнуудын нэг болж, дэлхийн тавцанд байр сууриа эзлээд байна. Энэхүү үйлсийн нэгээхэн хэсэг болж ажиллах гэж байгаадаа сэтгэл үнэхээр догдолж байна. Миний хувьд, Оюутолгойд компанийн засаглалын өндөр хэм хэмжүүрийг дагаж мөрдөхийг урьтал болгоно. Мөн ажил амьдралын минь үнэтэй хэсэг болсон Монгол Улсад бодитой хувь нэмэр оруулах үйл хэрэгт анхаарч ажиллах болно. Тодруулбал, компанийн бизнес, байгаль орчин болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг чухалчилна" гэв.