“Эрдэс боловсруулалт-2024”: Шийдэл хайх томоохон талбар болж байна

“Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээний 7 дахь удаагийн хурал өнөөдөр (2024.10.25) Новотел Улаанбаатар зочид буудалд болж байна.


Тус хурлын зохион байгуулагч "Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо"-ны ерөнхийлөгч Б.Чинзориг "Манай холбоо 2016 оноос олон улсад гарч ирж буй шинэ технологи, Монголын баяжуулах үйлдвэрт тулагдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжтой туршилт, судалгааны ажлын үр дүнгүүд юу байна вэ гэдэг зорилгоор олон улсын хурал болгосон. Энэ маань одоо харьцангуй тэллээ. Өмнө нь зөвхөн туршлага солилцож байсан бол одоо техник, тоног төхөөрөмжүүд, технологийн горимыг хамтран судлах, ирээдүйд үүсэж болох бэрхшээлийг урьдчилан таамаглаж, тэдгээртэй холбоотой шийдлийг хайх томоохон талбар болж байна." гэв. 

Хурлын илтгэл, хэлэлцүүлэг баяжуулалтын чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний үнэ унаж буй тохиолдолд бүтээгдэхүүний зардлыг хэмнэх, эрчим хүчний асуудал, чулуулаг хатуурахад бага зардлаар шийдвэрлэх боломж, ногоон технологи, түүнтэй холбоотой үр дүнгийн талаар өрнөж байна. 

Хурлын үеэр баяжуулах үйлдвэр болон орд газрыг шинээр ашиглах туршилт судалгааны ажил хийх хамтын ажиллагааны гэрээг гишүүн байгууллагын хооронд хэлцлийн түвшинд хийх аж. 

Энэ удаагийн хуралд Монголын баяжуулагчдаас гадна Австрали, Канад, БНСУ, БНХАУ, АНУ, ХБНГУ зэрэг 10 улсаас бие төлөөлөгч ирсэн бөгөөд Монгол дахь гадаадын уул уурхай салбарынхан зэрэг 270 орчим оролцогч чуулж байна.

Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбоо 1998 онд байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 
Холбооны гол зорилго Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг баяжуулагч инженерүүдийн эрх ашгийг хамгаалах, баяжуулах үйлдвэрүүдэд шинэ техник, технологи нэвтрүүлэх, дэлхий нийтэд шинээр гарч ирж буй байгаль орчны стандартыг нутагшуулах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.