21.4 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжлаа

2024 оны эхний 10 сард 21.4 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжлаа. Үүнд 19.4 сая тонн нүүрс, 2 сая тонн төмрийн баяжмал болон зэс, хайлуур жонш гэсэн бүтээгдэхүүн багтаж байна. 

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд болж өнгөрсөн биржтэй холбоотой онцлох мэдээллүүд: 

10 дугаар сарын 25-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК анхны баяжуулсан коксжих нүүрсийг биржээр арилжив.

10 дугаар сард 37 амжилттай арилжаагаар 1.9 сая тонн нүүрс арилжсан. Энэ нь он гарснаас хойших хамгийн өндөр арилжаатай саруудын нэг болов. 

Зургаадугаар сард зогссон төмрийн баяжмал FE-65% бүтээгдэхүүн есдүгээр сард арилжаанд орж ирлээ.

Төмрийн арилжаа өнгөрсөн хоёр сартай харьцуулахад амжилттай арилжааны тоо, бүтээгдэхүүний жин буурсан. 

10 дугаар сард 2146.36 ам.доллароор дуудсан 3,000 нойтон метр тонн зэсийн арилжаа амжилтгүй болов. Зэсийн арилжаа дөрөвдүгээр сараас хойш 7 дуудлага худалдаа зарласан ч 5-д нь худалдан авагч гараагүй байна.

Он гарснаас хойших 10 сарын байдлаар 678 дуудлага арилжааны хуваарь зарлагдсанаас 507 буюу 74 хувийн амжилттай арилжаа МХБ-ээр явагджээ. 

МХБ-ээр 11 дүгээр сарын 15-н хүртэл 27 дуудлага арилжааны хуваарь зарлагдаад байна.