Халзан бүрэгтэй төслийн ТЭЗҮ 2026 онд дуусна

Зургийн эх сурвалж: "Халзан бүрэгтэй төсөл" фэйсбүүк хуудсаас авав

"Халзан бүрэгтэй" төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшиний “Mining Week (Уул уурхайн долоо хоног) & MinePro 2024” (2024.10.03) арга хэмжээний үеэр тавьсан илтгэлийн зарим хэсгийг багцлан хүргэе. 

Үйлдвэрлэл
Уурхайг 25-30 жил ашиглана гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бид энэхүү төслийн насыг уртасгах, хэмжээг томруулах банкны ТЭЗҮ-ийн шатанд судалж байгаа. 

Үйлдвэрлэлийн технологи нь ил уурхайгаас олборлож, хөвүүлэн баяжуулснаар 670 мянган тонн баяжмал гарна. Баяжмалыг шууд зарж болно. Гэхдээ манайх агуулга багатай учраас эдийн засгийн хувьд үр ашиг багатай. Гадаадын бусад төслүүд өндөр агуулгатай учраас баяжмал гаргана гэж зорьдог. Агуулга нь багадаа 40-45 хувьтай. Зэсийн баяжмалаас өндөр агуулгатай байдаг. Тэр баяжмалыг 100 хувь Хятадад боловсруулж байгаа. 

Манай үйлдвэрийн дараагийн шат буюу гидрометаллургийн хоёр дахь шатны үйлдвэр гэж байгаа. Гарсан баяжмалыг уусгагч хэсэг рүү оруулна. Үүнээс 13 мянган тонн газрын ховор элементийн исэл гэсэн бүтээгдэхүүн гаргаж авна. Өөрөөр хэлбэл 9 сая тонн хүдэр боловсруулж 13 мянган тонн бүтээгдэхүүн гаргаж авна. Эцсийн бүтээгдэхүүн 90-ээс дээш хувийн агуулгатай байна.

Төслөөс гарах дөрвөн төрлийн элемент бодитоор юу болох талаар харьцуулж үзвэл, 33 мянган тонн соронз үйлдвэрлэх түүхий эдэд орно. Энэ хэмжээний соронз нь 15 сая цахилгаан машин үйлдвэрлэх, эсвэл 15 мянган салхин турбиныг үйлдвэрлэхэд ашиглах юм. 

Цаашид хийгдэх ажлууд:

  • ТЭЗҮ-ийг энэ оны 10 дугаар сарын дундаас эхлүүлж, 20 сарын хугацаанд хийнэ.
  • Байгаль орчны нөлөөллийн тайланг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Багадаа 8 улирал хийгдэж 2026 оны эхний улиралд эцсийн ТЭЗҮ-тэй хамт дуусна. 
  • Энэ хоёр бичиг баримтыг монгол хэл рүү хөрвүүлж, Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлд батлуулснаар Монгол дахь суурь бичиг баримт бүрдэнэ.
  • Барилгын ажлыг 2026 оноос эхэлж 24 сарын хугацаанд бүтээн байгуулалт явагдана. Харин үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2029 оноос жигдэрнэ гэж тооцоолж байна. 
  • Бид өнгөрсөн хугацаанд Австралийн 3-4 лабораторид 1 тонн дээж хийж туршсан. 2025-2026 онд 50-60 тонн дээж хийж туршихаар ажиллаж байна.

Газрын ховор элемент энгийн амьдралд нэвтэрчихсэн. Зэс, алт шиг нүдэнд харагдахгүй боловч скүүтер, цахилгаан автомашин, агааржуулагч зэрэг бүх зүйлд хэрэглэгддэг.

Төслийг дангаараа хийж чадахгүй. Тиймээс ТЭЗҮ дуусахаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэхээр төлөвлөж байна. Урьдчилсан байдлаар +500 ажлын байр бий болно гэж тооцсон.

Эрсдэлтэй тал
Хамгийн гол эрсдэл бол цахилгаан эрчим хүчний дутагдал. Одоогийн байдлаар төслийн нийт цахилгааны хэрэглээ энгийн түвшинд 120 МВт, өндөр түвшинд 145 МВт-ын хэрэглээтэй байгаа. Баруун аймаг арвин нөөц баялагтай. Харамсалтай нь орон нутгийн эсэргүүцэл ихтэй учраас хайгуул, судалгаа хийсэн нь харьцангуй цөөхөн. Тиймээс Баруун аймгуудад уул уурхайн томоохон бүтээн байгуулалт эхлүүлэхийн тулд нэн тэргүүнд төр засгаас цахилгаан эрчим хүчний хангалттай нөөцийг бий болгох шаардлагатай байна. 

АМТх-ийг боловсруулахдаа баяжмал үйлдвэрлэнэ гэсэн ойлголттой байсан. Гэвч исэл үйлдвэрлэвэл яах вэ гэдгийг хараахан тусгаагүй байгаа. Тэгэхээр исэл өндөр агуулгатай бүтээгдэхүүн учраас тодорхой түвшинд татварын хөнгөлөлт үзүүлбэл зүйтэй болов уу гэж бодож байна. 

Гуравдагч хөршүүд манайд үйлдвэрлэсэн газрын ховор элементийг авах сонирхол байгаа. Гэхдээ бид энийг яаж хүргэх вэ гэсэн асуудал тодорхойгүй. БНХАУ ямархуу хандах уу, бид нар тээвэрлэх боломжтой юу. Төр засаг тодорхой түвшинд шийдвэрлэвэл худалдаж авах сонирхлоо илэрхийлж буй хөрөнгө оруулагчид их байгаа.