“Зөөвч овоо” төслийн 24 хувийг АМНАТ-өөр орлуулан тооцно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд (2024.12.26) үг хэллээ. Тэрээр “Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа улс орнуудын тогтолцоо, эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа намууд хоорондын үзэл санаа болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд Засгийн газар бүхий л боломжоо дайчлан ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна” хэмээн тодотгосон юм.  

2023 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ баталж, 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдэж, Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлж эхлээд 100 хонож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Засгийн газраас Монгол, Франц Улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч БНФУ-ад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани хооронд олон жил яригдсан энэхүү төсөл урагшлахад томоохон түлхэц болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-өөр орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой" гэв.