Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ.
Тэрээр “2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт бол хоосон тоо биш юм. Нэг хувийн өсөлт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг. Эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давлаа.
Хэдийгээр ил тод байдлын ачаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн үнийн хэлбэлзэл болон бусад эрсдэл байгааг бид мартаж болохгүй.
Эдийн засгийн өсөлтийн үр дүнд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, “Самурай” бондын өрийг бие даан төлөх боломж бүрдсэнээр Монгол Улс нүүрлэн ирсэн өрийн дампуурлаас одоо л гарч байна.
Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол энэ удаа төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байна. Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг.
Монгол Улсын Засгийн газраас Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцалж, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсоож, суутган тооцолтыг хийж дуусгалаа. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Нүүрсний хулгайг илчилж, Биржийн арилжааг эхлүүлж, тусгай сангуудын мэдээллийн ил тод болгож, “Чингис”, “Гэрэгэ” бондуудын гадаад өрийг төлж барагдууллаа.
Өнгөрсөн хугацааны уул уурхайн ашигт малтмалын лицензүүд хэн хэнд хэрхэн очсон тухай, нийт ард түмний баялаг хэдхэн хүний гарт хэрхэн төвлөрсөн тухай, мэдээллийг Засгийн газар цаашид ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах болно.
Монгол Улсын Засгийн газраас байгалийн баялаг иргэн бүрд тэгш хүртээмжтэй, ил тод байх суурь зарчмыг хатуу баримталж, уул уурхайн аж ахуйн нэгжүүд нээлттэй компанийн засаглалтай байхыг хуульчлан зохицуулах болно. Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганд багтаан Улсын Их Хуралд өргөн барих болно” гэдгийг дурдлаа.