Монголын уул уурхайн салбарын чиг хандлага, сорилт, боломжийн талаарх мэдээллийг олон нийтэд өргөн хүрээтэй хүргэдэг “Mining Week” буюу “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээ есдүгээр сарын 11-13-нд Тайж хайрханы бэлд болох гэж байна. Үүнийг угтан салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн (МУУҮА) Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай Mining Insight-ийн Н.Ариунтуяа ярилцлаа.
Mining Week буюу Монголын уул уурхайг олон нийтийн анхаарлын төвд авчирдаг 7 хоногийн үйл ажиллагаа удахгүй эхлэх гэж байна. Энэ үед Монголын уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байна вэ?
Сүүлийн 30-аад жилд уул уурхай сэргэхдээ сэргэж, уруудахдаа уруудаж ирсэн түүхтэй. Ололт амжилт ч бий, гашуун сургамж нь ч байна. Харамсалтай нь одоо эргээд уруудах тийшээ явж байна.
Бидний хувьд өнгөрсөн 30 жилийн ололтоо бататгаж, алдаагаа давталгүй засаад явах ёстой. Одоогийн байдлаар уул уурхайн салбарын ирэх 30 жилийн хөгжил энэ Засгийн газар болоод улстөрчдийн шийдвэрээс маш их хамааралтай цаг үе ирээд байна. Улсынхаа эдийн засаг, тогтвортой байдал, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байгаа л бол эдийн засгийн суурь болсон уул уурхайн салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг ярихаас аргагүй болоод байна.
Үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар манай улсыг сонирхож гаднаас ирж байгаа шинэ хөрөнгө оруулагч алга. Байгаа хэд нь үйл ажиллагаа явуулахад маш хүнд байна. Тогтвортой байдлаа хангаж байж л цаашдын өсөлтийг ярих боломжтой болно шүү дээ. Иймээс энэ жилийн “Уул уурхайн 7 хоног”-оор сорилтуудаа илүүтэй ярилцаж, шийдвэр гаргах түвшинд асуудлыг хүргэхийг зорьж байна. Шийдвэр болж гараасай гэсэн асуудлуудыг төр, засагтаа уламжилна.
Энэхүү чуулган маань “Уул уурхайн 7 хоног” гэсэн нэрээр зохион байгуулагдах болсоор 4 жил болж байна. Түүнээс өмнө МУУҮА “Дисковер Монголиа”, “Mining Tech” зэрэг өргөн хүрээг хамарсан брэндүүдийг хөгжүүлж ирсэн. “Дисковер Монголиа” бол Монголыг сонирхогч гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан арга хэмжээ. Тухайн үед манай улсад орж ирсэн хөрөнгө оруулалтууд одоо хайгуулаас олборлолт руу шилжээд явж байна. Тиймээс нийгэм, цаг үедээ үүргээ гүйцэтгэсэн брэнд гэж боддог. Уул уурхайн салбарыг дагаж, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэлтийн маш олон бизнес хөгждөг. “Mining Tech” нь 7-8 жил зохион байгуулагдахдаа ханган нийлүүлэлтийн бизнесийн хөгжилд мөн л үүргээ гүйцэтгэж, хувь нэмрээ оруулсан брэнд. Тиймээс хурлаас гадна уул уурхайн эдийн засгийн дам үр өгөөжийг нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлтийн боломжийг танилцуулах зорилгоор “Mining Tech” экспог өнгөрсөн жилээс сэргээн, “Mining Pro” экспо болгож өргөжүүлээд байгаа. Ханган нийлүүлэлтийн боломжоор эдийн засгийн үр өгөөжийг тухайн орон нутагт үлдээх, орон нутгийн бизнесийг хөгжүүлэх зорилготой. Энэ мэтээр “Уул уурхайн 7 хоног” маш олон агуулгыг хамран, бэлтгэл ажлуудаа хангаж байна.
Өнгөрсөн жилийн “Уул уурхайн 7 хоног”-т төр, засгийн удирдлагууд бараг бүгдээр ирж, хөрөнгө оруулалт татна, идэвхжүүлнэ гэж амласан. Гэвч дараахнаас нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь тогтоох, зарим ордыг стратегийн ордод нэмж бүртгэх томоохон шийдвэрүүд гарч, үүнийг дагасан ойлгомжгүй, тодорхойгүй байдал үндсэндээ жил шахам уул уурхайн салбарт үргэлжилж байна. “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний үеэр энэ нөхцөл байдал хэрхэх талаар ямар нэг хариулт авч чадах болов уу?
Уул уурхай гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувь, экспортын 90 гаруй хувийг эзэлдэг, улсынхаа эдийн засгийг тулж яваа гол салбар. Нүүрсний үнэ унахад л манай улсын төсөв хүндэрч, төсвөө тодотгоход хүрдэг эмзэг эдийн засагтай. Тиймээс салбарт үүссэн тодорхойгүй байдлыг тодорхой болгох нь энэ Засгийн газрын хийх хамгийн гол ажлын нэг юм. Цаашдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье, төсөв бүрдүүлэлтээ хийж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангая гэвэл энэ тодорхойгүй байдлыг өөрчилж, тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй байна.
Стратегийн орд гэх маргаантай асуудлыг сөхөн гаргаж, хууль буцаж үйлчлэхэд хүргэж буй үйл явц эргээд ард иргэдэд уул уурхайн салбарыг буруутай мэт ойлголт төрүүлж байгаа нь маш харамсалтай. Бид дахиад хэдэн жилээр ухрах алхмаа өнгөрсөн хагас жилд хийчихлээ.
Тиймээс өмнөх Засгийн газрын алдааг бүү давтаасай. Үг, үйлдлээ нийцүүлээсэй. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье, Засгийн газар дэмжинэ гэж ярьж байгаа бол яриагаа бодит ажил болгох нь чухал. Эх орноо хөгжүүлэх нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байр суурьтай байж, тоглоомын дүрмээ тодорхой болгоосой гэж хүсэж байна.
Таны хувьд уул уурхайн салбарт ихээхэн гажуудал авчирч буй “Стратегийн орд” гэх ойлголтыг халъя гэсэн байр сууриа хэвлэлд илэрхийлсэн байсан. МУУҮА бол гишүүддээ үйлчлэх байгууллага. Стратегийн орд дээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд бүгдээрээ шахам МУУҮА-ийн гишүүнчлэлтэй. Иймээс ассоциацийн төдийгүй уул уурхайн компаниудын байр суурийг илэрхийлсэн болов уу. Тэгвэл стратегийн ордыг халлаа гэхэд оронд нь санал болгох ямар загвар байна вэ?
Энэ бол уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бүх л компаниудын байр суурь. Уул уурхайн компаниуд харьцангуй төлөвшил сайтай. Нэг компанийн эрх ашгийг бус нийтлэг эрх ашгаа харж, салбар хөгжих ёстой, салбараа дагаад эдийн засаг сайжрах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа салбарын нэгдмэл байр суурь.
Төрийн эзэмшилд авах гээд байгаа гол асуудал нь Баялгийн сангийн орлогыг бүрдүүлэх. Баялгийн санг уул уурхайн бүх компани дэмжиж байгаа, нэг ч компани эсэргүүцээгүй. Байгалийн баялгийн үр ашгаас Баялгийн сандаа төвлөрүүлэх ёстой. Түүнийг гол нь зөв зарцуулах хэрэгтэй. Зөв зүйтэйгээр хуримтлал бий болгож, зөв зүйтэй зарцуулаасай гэж хүсэж байгаа. Ингэхдээ өнгөрсөнд хийсэн алдаагаа давтаж болохгүй. Бидэнд сангуудыг яаж удирдаж, дампууруулсан гашуун түүх байгаа.
Асуудлын гол нь стратегийн орд гэх Монголд л байгаа алдаатай ойлголтыг халахгүй бол уул уурхайн салбарт тоглоомын дүрмийг тодорхойгүй болгож байна, хууль эргэж үйлчилж байна, явж байгаа төслүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ бүхний хамгийн том үр дагавар нь улс орны эдийн засагт сүүдэр нь тусаж байна.
Үүний оронд санал болгох хувилбар бол Баялгийн сангийн татвар бий болгож, түүнийг уул уурхайн бүхий л компаниуд төлье. Том жижиггүй тодорхой хэмжээний татвар өгдөг байя. Гадныхан ороод ирлээ гэхэд энэ улсад ийм төсөл хэрэгжүүлэхэд ийм татварыг ингэж төлөх юм байна гэдэг нь тодорхой байвал хөрөнгө оруулалтыг хаасан өнөөдрийн ойлгомжгүй байдалд цэг тавигдана. Явж байгаа төслүүдийн үйл ажиллагаа ч тогтвортой болно.
Олон улсад ч гэсэн стратегийн орд биш стратегийн ашигт малтмал гэдэг ойлголт байгаа. Тэр чиг хандлага руу явах хэрэгтэй байна. Улс орнууд стратегийн ач холбогдолтой ашигт малтмалаа зарлаад, түүнийгээ жил бүр өөрчлөн шинэчлээд явж байна. Тэр нь гадаад, дотоод маш олон хүчин зүйлээс хамааралтайгаар хувирч өөрчлөгдөж байна. Гэтэл бид стратегийн орд гэх хадны мангаа тавьж, хөрөнгө оруулагчдыг айлгаж үргээчихээд, хөрөнгө оруулалт хийгээч гээд сууж байгаа нь үнэхээр утгагүй.
Уул уурхайн салбарт тулгамдсан асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстойгоор нь эрэмбэлээч гэвэл ямар асуудлуудыг нэрлэх вэ, бас гарц шийдлийг яаж харж байна вэ?
Бид “Уул уурхайн 7 хоног”-оор асуудлаа ярилцахын зэрэгцээ шийдлийг санал болгоно. Тухайлбал, стратегийн орд дээр тодорхой хууль эрх зүйн орчин бий болгож, ойлгомжгүй байдлыг цэгцлэх хэрэгтэй байна.
Хоёрт, хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар олон жил ярилаа. Хайгуулын лицензийг өргөдлөөр олгосноор хэн дуртай нь авч, лицензийн наймааг гааруулсан гэж шүүмжилдэг. Тэгвэл өнөөдөр бид ямар алдаа гаргаснаа мэдэж байна. Тиймээс тэр алдаанаас зайлсхийсэн өөр зохицуулалт хийж болно шүү дээ. Хайгуулыг идэвхжүүлэхгүйгээр уул уурхайн салбарын хөгжлийг ярих боломжгүй. Уул уурхайн салбар ДНБ-ний 36 хувь, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 73 хувь, борлуулалтын орлогын 95 хувь, ГШХО-ын 74 хувийг бүрдүүлж байна гэсэн том тоонууд яригддаг. Гэвч энэ нь эргээд гараад явчихдаг эдийн засагтай. Экспорт хийж оруулж ирсэн мөнгөөрөө бензин шатахуун, цахилгаан болон импортын бүтээгдэхүүнүүдээ худалдаад авчихдаг. Бид гадагшаа маш их хэмжээний гадаад валютын урсгалыг боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалаар гаргадаг.
Тиймээс манай улсад шингэж үлддэг геологи хайгуулын ажлыг эрчимжүүлье гээд байгаа юм. Геологи хайгуулын салбар 2010 оноос хойш үндсэндээ унтаа байдалд байна. Боловсон хүчингүй боллоо, байгаа төслүүд нь үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Төсвийн мөнгөөр ч, хувийн мөнгөөр ч хайгуул явуулж чадахгүй байна.
Шинэ Засгийн газрын хувьд эхнээсээ зарим тодорхой шийдвэрийг гаргаад явж байна. Энэ эрчээрээ хайгуулыг идэвхжүүлэх буюу хайгуулын зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалт аль алинаар явах боломжийг нээх нь их чухал байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн сонгон шалгаруулалтаар явуулаад бид асуудлаа шийдэж чадсангүй. Үр дүнд нь маш их үнийн хөөрөгдөл бий боллоо. Өндөр үнээр монголчууд өрсөлдөөд авах боломж байхгүй болчихлоо. Тендэрээр олгосон талбай дээр бодитоор хайгуул хийгдэж байна уу гэхээр бас үгүй. Энэ нь лицензийг хав дарж байгаад цаашаа арилждаг асуудлыг зогсоох шийдэл нь сонгон шалгаруулалт болж чадахгүй байгааг харуулж байна.
Нөгөө талаараа олон улсад “хариуцлагатай олборлолт” төдийгүй “хариуцлагатай хайгуул”-ыг чухалчлах болж байна. Кодекс ч гарчихлаа. Сайн түүхтэй, нийгмийн хариуцлага өндөртэй, үндэсний болон олон улсын түвшинд танигдсан хайгуулын компаниудыг хайгуул руу орох боломжийг нээмээр байна. Хайгуул бол эрсдэл үүрдэг үйл ажиллагаа. Эрсдэлээ мэдээд, үүрээд, хайгуулаа хийж чаддаг ийм компаниуд хайгуул руу орж, бодитоор үйл ажиллагаа явуулаад эхэлбэл ажлын байр бий болно, хөрөнгө оруулалтын зардал нь манай эдийн засагт шингэж үлдэнэ. Ийм боломжийг ашиглах хэрэгтэй байна.
Гуравт, “Алт 3” аян. Сая Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой зүйл заалт дээр хэсэгчлэн хориг тавьчихлаа. Алтны салбарт үндсэн ордын боломж илүү байгаа. Үндсэн орд нь шороон ордоосоо хөрөнгө оруулалт өндөртэй, урт хугацаандаа үр дүнгээ өгөх хэдий ч маш олон ажлын байр, эдийн засгийн дам нөлөөллийг бий болгодог. Тиймээс “Алт 3” аяныг үр дүнтэй хэрэгжүүлэх, тэр дотроо үндсэн ордын ашиглалтыг дэмжсэн хууль эрх зүйн орчны дэмжлэг бий болгох шаардлага байна.
Дөрөвт, зэсийн роялти. Дэлхий дээр байхгүй өндөр роялтийг зэс дээр тавьчихаад хөрөнгө оруулалт уриад суух нь утгагүй зүйл. Зэсийн роялтийг буурууллаа гээд төсөвт ямар ч өөрчлөлт орохгүй. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” л 20 хувийн АМНАТ төлж байгаа. Зэсийн роялтийг бууруулснаар дараагийн зэсийн төслүүд хөдлөх боломж бүрдэнэ. Олон улс орон зэсийг чухал ашигт малтмалаар зарлаад байна.
Сая “Эрдэнэт үйлдвэр” дээр очиход үйлдвэр нь хуучирч, ордын агуулга багасаж, уул геологийн нөхцөл хүндэрснийг танилцуулж байсан. Үүний улмаас үйл ажиллагааны зардал өсөх шинэ сорилттой учирч байна. Гэхдээ энэ нь ганц Эрдэнэтэд тулгарч байгаа асуудал биш. Дэлхий даяар зэсийн үндсэн ордуудын агуулга буурч байна. Нийлүүлэлтэд асуудал үүсэхийн хэрээр зэсийн эрэлт хурдацтай нэмэгдэж байна. Энэ боломжийг ашиглахын тулд зэсийн роялтийг бууруулах хэрэгтэй байна. Хайгуулын төслүүд хөрөнгө оруулалт татахаар гадагшаа очоод танилцуулга хийхэд, зэсийн роялтийг бууруулахгүйгээр хөрөнгө оруулалт боломжгүйг бүгд хэлж байна.
Ийм энгийн зүйлс дээр мэдсээр байж шийдвэр гаргахгүй байсаар өнөөдрийн асуудлууд хуримтлагдчихаад байна. Иймээс одоо ярих биш хийх цаг. Эхний ээлжинд эдгээр асуудлыг шийдэхэд уул уурхайн салбарын нөхцөл байдал харьцангуй урагшилна.
Гадаадын хөрөнгө оруулалтын бууралтыг тодорхой хэмжээнд нөхөх боломжтой төслүүд дотоодод байна уу?
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, олборлолт эхлэхээр ГШХО-ын хэмжээ огцом буурахыг эдийн засагчид хэлж байгаа.
Одоогийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт хайхаас илүүтэй тодорхой шийдвэрүүд гаргачихвал эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн 2-3 төсөл байна. Зэсийн роялтийг бууруулаад, Хармагтай, Цагаансуварга зэрэг төслүүдээ хөдөлгөчихвөл эдийн засагт мэдэгдэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт шууд орж ирнэ. Айлаас эрэхээр авдраа ух гэдэг шиг хайгуул хийгээд, нөөцөө тогтоочихсон, үйл ажиллагаа эхлэхэд бэлэн эдгээр төслөө хөдөлгөе л дөө. Хувийн хэвшлийнхэнд ажлаа хийх боломжийг нь олгочихвол эдгээр төслүүд өөрсдөө хөрөнгө оруулалтаа олоод ирнэ. Засгийн газрын нэг том зорилт нь төсөв бүрдүүлэх. Үүнийг хийх боломж нь эдгээр төслөө хөдөлгөх юм. Яг өнөөдрийн тухайд гаднаас мөнгө хайгаад явахаас илүүтэй байгаа төслүүдээ хөдөлгөх нь чухал байна.
Харамсалтай нь стратегийн гэсэн тодотгол зүүчихээд, түүний 34-51 хувийг төр эзэмшинэ гэж байгаа өнөөгийн нөхцөлд ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй, ямар ч төсөл хөдлөхгүй.
“Алт 3” аян хэрэгжээд амжилттай явлаа гэхэд үр дүн нь тодорхой хугацааны дараа л гарна. Үүний зэрэгцээ Хөрөнгө оруулалтын гэрээ зурсан “Орано Майнинг”-ийн ураны төсөл байна. ХоГ-гээ байгуулчихсан энэ төслийн бүхий л үе шатанд төрийн дэмжлэг чухал байгаа. Олон нийтэд зөвөөр ойлгуулахаас эхлээд. Энэ бол хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлэлцээд, УИХ-аар баталчихсан стратегийн чухал ач холбогдолтой төсөл. Үйл ажиллагаа нь идэвхжвэл хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал нь манай улсад шингэж үлдэнэ.
Мөн газрын ховор элементийн “Халзан бүрэгтэй” төсөл байна. Газрын ховор элемент, чухал ашигт малтмал дээр бид цаг алдалгүй идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Тэгж байж логистикийн гуравдагч том боломж гарч ирнэ. Авто зам, төмөр замаар тээвэрлэлт хийдэг байсан бол агаараар хийх боломж нээгдэнэ. “Халзан бүрэгтэй”-гээр хязгаарлахгүйгээр дараагийн хайгуул судалгааг идэвхтэй хийж, газрын ховор элементийн ордуудыг нээн илрүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна.
Салбарын хөгжлийг хязгаарлаж буй өнөөдрийн асуудлуудаас гадна ирээдүйн боломжийг харах, салбар хоорондын уялдаа холбоог хангах бодлого уул уурхайн салбарт алга байна. Уул уурхайн бодлоготой болох талаар ямар нэг санал санаачилга явж байна уу?
1990 он гарч, зах зээлийн системд шилжсэнээс хойш манай улсад урт, дунд, богино хугацааны нийтдээ 500 гаруй бодлого гарсан юм билээ. Гэвч энэ бодлогуудаа огт дүгнэж байгаагүй. Өмнөх засгийнхаа бодлогыг үгүйсгэж, шинийг гаргах байдлаар явчихсан. Бид яагаад алдаад байгаагийн нэг шалтгаан нь бодлогуудаа огт дүгнээгүйтэй холбоотой. Баахан бодлого гаргадаг, хэрэгждэггүй. Хэрэгжээгүйд юу нөлөөлсөн юм гэхээр мэдэх зүйл байхгүй.
Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа урт хугацааны бодлого гэвэл УИХ-аар батлагдсан Алсын хараа 2050 байна. Энэ бодлоготойгоо аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хөгжлийг уялдуулах ёстой. Бодлого гаргахдаа хайгуул, олборлолт, боловсруулалт, дэд бүтэц гээд бүгдийг цогцоор авч үзэхээс гадна бусад салбарын уялдаа холбоог орхигдуулж болохгүй. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх гэж байгаа бол байгаль орчны бодлого нь яаж явах юм гэдгээ тодорхой болгох ёстой.
Байгаль орчин, уул уурхай гэхээр л бие биенийхээ эсрэг байх ёстой мэт байгаад байж болохгүй. БОУАӨ-ийн сайд, манай улс олон улсын конвенцид нэгдсэн учраас “Алт 3” аяныг дэмжих боломжгүй гэж мэдэгдэж байсан. Тиймээс олон улсын конвенцид нэгдэхдээ манай улсын хөгжлийн бодлоготой уялдаж байна уу, уялдахгүй байгаа бол ямар асуудал гарах гэдгээ тооцож хардаг байх хэрэгтэй байна. Тэгээгүйгээс улс нь уул уурхайгаас хэдэн төгрөг олох гээд шахаад байдаг, уул уурхай нь үйл ажиллагаа явуулъя гэхээр маш их зовлон туулж байна. Бүх л шат дамжлага дээр тээг гацаатай. БОНБНҮ батлуулах, орон нутгийн хэлэлцүүлгээ хийх гэж юу болж байгаа билээ. Уул уурхайг дэмжинэ гэж Ерөнхий сайдаасаа эхлээд бүх л түвшинд ярьдаг мөртлөө газар дээрээ очоод тайлан төлөвлөгөө батлуулах гэхээр үйл ажиллагааг нь гацаагаад хэдэн сараар хүлээлгэдэг асуудал байсаар байна. Тэгэхээр уул уурхай яаж үйл ажиллагаа явуулах вэ? Төрөөс уул уурхайд маш бодитой дэмжлэг хэрэгтэй байна. Тиймээс уул уурхайн бодлогоо гаргаад, бусад салбартай уялдаа холбоог тодорхойлоод явах нь зайлшгүй хийх ёстой ажил мөн. Бодлогыг мэдээж шийдвэр гаргагчид хийнэ. Харин бодлого боловсруулахдаа мэргэжлийн холбоодоо оролцуулбал бид оролцоогоо хангаад явах бүрэн боломжтой.
“Хариуцлагатай хайгуул”-ын талаар түрүүн дурдлаа. Монголд энэ шинэ стандарт нэвтэрлээ гэхэд асуудлыг яаж өөрчлөх вэ?
Хайгуул бол ямар ч ул мөр үлдээхгүйгээр байгаль орчныг 100 хувь нөхөн сэргээх боломжтой үйл ажиллагаа. “Хариуцлагатай хайгуул”-ын кодекст хайгуулыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр хийх шаардлага тавигдана. Хоёрт, орон нутагтай харилцах харилцааны суурийг зөв тавих. Хайгуулын үе шатанд анхнаас нь зөв харилцаа бий болгож чадвал дараа дараагийн төслүүд дээр харилцааны зөв суурь тавигдана. Кодексийн хувьд сайн дурын хэдий ч салбарын ирээдүйн төлөө бүхий л оролцогчид тал талдаа хичээж ажиллах хэрэгтэй болно.
Олон улсад ч гэсэн олборлолт эхлэхээс өмнө хайгуулыг амжилттай удирдах нь чухал гэдэг утгаар кодексийн дээрх үндсэн хоёр утга явж байгаа. МУУҮА-ийн гишүүн хайгуулын компаниуд олборлолтын кодексийг хэрэгжүүлэхэд таарч нийцэхгүй асуудлууд гардаг байсан бол одоо хайгуулын кодекс гарч ирснээр илүү тохирсон стандарттай болж байна. Бид үүнийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Орон нутгийн эсэргүүцэл, иргэдийн итгэлгүй байдал уул уурхайн салбарын томоохон эрсдэлийн нэг болж байна. МУУҮА-ын зүгээс энэ чиглэлд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ?
Компаниудыг хариуцлагатай байдалд уриалдаг “Хариуцлагатай уул уурхай” кодекс бол манай хамгийн том кампанит ажил. Энэ салбар хариуцлагатай байх ёстой. Орон нутгийн хэмжээний жижиг уурхай, бичил уурхай аль нь байхаас үл хамаараад олборлох ажил явж л байгаа бол хариуцлагатай байх ёстой. Энэ концепцийг гаргаад бид 4 жил маш идэвхтэй ажиллаж байна. Компаниуд санаачилгад маш сайн нэгдэж байгаа. Кодексийн хэм хэмжээг оролцогч талуудтайгаа хамтарч тодорхойлоод, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой үр дүнгүүд гаргаад явж байна.
Нэг сайн мэдээ дуулгахад Алт 1, 2 хөтөлбөрүүдийн үр дүнд бий болсон эзэнгүй орхигдсон 30 мянган га газрыг хариуцлагатай төслүүд дүйцүүлэн хамгаалах байдлаар нөхөн сэргээсэн. Хамгийн сүүлийн 8000 га талбайг “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” компаниуд дүйцүүлэн нөхөн сэргээж дууслаа. Энэ бол хариуцлагатай олборлолтын давуу тал юм.
Нөгөө талаар хариуцлагатай уул уурхай гэж юу болохыг иргэд ойлгох ёстой. Иргэд юу хүсэж байгаагаа ойлгох ёстой. Тэгснээр хамтдаа хариуцлагатай байх концепцийг барьж байгаа. Энэ хүрээнд оролцогч талуудаа салбарын үйл ажиллагаанд аль болох бүгдийг хамруулахыг хичээж байна.
Энэ жилийн “Уул уурхайн 7 хоног”-т орон нутгийн удирдлагуудыг бүгдийг урьж оролцуулж байгаа. Засгийн газар энд нэг зүйл ярьдаг, орон нутаг тэнд өөрөөр ханддаг байдлыг өөрчилж, нэгдсэн нэг бодлоготой байхын тулд хамтдаа асуудлаа ярья гэдгээр орон нутгийн удирдлагуудын оролцоог хангаж байна. Бүсчилсэн байдлаар хурлаа хийгээд явна. Орон нутгийн бизнес эрхлэлтийг мөн дэмжиж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг урьж оролцуулж байна. Уул уурхайн салбарын идэвхтэй үйл ажиллагааг дагаад Өмнөговь аймаг болон говийн бүсэд ханган нийлүүлэлтийн боломжууд нэлээд нээгдсэн. Үүнийг орон нутгийн биенес эрхлэгчид зөвөөр ашиглан, туршлагаа хуримтлуулан хөгжөөд явж байна. Энэ нь улам салбарлаж хөгжөөсэй гэж хүсдэг. Энэ туршлагаа цаашид хөгжих боломжтой бусад бүсийнхэнтэй хуваалцах боломжийг олгоно.
Эрчим хүчний шилжилт Монголын уул уурхайд ямар шинэ боломж авчирч байна вэ? Мөн Монголын уул уурхай энэ чиглэлд өөрийгөө хэрхэн шинэчилж, дасан зохицох алхмаа хийж байна вэ?
Эрчим хүчний шилжилт бол Монголын уул уурхайд асар том боломж юм. Үүнийг дагаад дэлхий даяар асар их өөрчлөлт явж байна. Хөрөнгө оруулалтын олон боломжууд нээгдэж байна. Маш олон бүтээгдэхүүний хэрэглээ шинээр бий болж байна. Олборлох салбарын түүхий эдийн эрэлт ч өөрчлөгдөж байна. Газрын ховор элемент, чухал ашигт малтмалуудын хэрэглээ хурдацтай өсөж байна. Энэ бүхэн яах аргагүй боломж юм.
2010-аад оны үед коксжих нүүрсийг Монголын боломж гэж харж байсан бол одоо дараагийн эрдэс түүхий эдийн мөчлөг ирж байна. Үүнийг боломж гэж харж, салбарт тулгамдаж буй суурь асуудлуудаа шийдээд урагшлах юм бол эдийн засгийн өсөлт тэлэлтийн хувьд “Mining boom” гэж яригдаж байсан цаг үе дахин ирэх боломжтой.
Манай уул уурхайн компаниуд ч гэсэн эрчим хүчний шилжилтэд бага багаар бэлтгэж байна. “Эрдэнэт үйлдвэр” сая “Комацу”-гаас 10 дамптрак авахдаа цахилгаан руу шилжих боломжит тохиргоотойгоор үйлдвэрлүүлж авч байх жишээтэй. “Шарын гол” компани 2 цахилгаан экскаватор авсан нь 1.30 цаг цэнэглээд 8 цаг ажиллаж байна. Үүгээр бол жилд түлшинд зарцуулах зардлаа 200 саяар хэмнэж байна.
Хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн судалгаагаар ойрын 5 жилд уул уурхайн компаниуд цахилгаан машин тоног төхөөрөмж рүү бодитой шилжилт хийнэ гэсэн дүгнэлт гарсан байсан. Урд хөршид жолоочгүй машинууд яваад эхэллээ. Хүний нөөц дутмаг байгаа үед, дээр нь хэмнэлтээ бодсон ч энэ нь яах аргагүй сонголт болж байна. Гэхдээ эхний хөрөнгө оруулалт өндөр тул энэ чиглэлд төр засгаас бодлогын дэмжлэг чухал байгаа. Гаднаас түлшний хамааралтай манай улсын хувьд эрсдэлээ бодсон ч цахилгаан машин руу шилжих шилжилт зүйн хэрэг болж байна. Энэ шилжилт маш бодитой төдийгүй хол биш болсны нэг жишээ бол “Монголын Алт” компани. МАК нь Төв, Дорноговь болон Дундговь аймагт байрлаж буй үйлдвэр, уурхайг сэргээгдэх эрчим хүчээр хангах төлөвлөлтөө зарлаад ажиллаж байна.
Ярилцлагын төгсгөлд энэ жилийн “Уул уурхайн 7 хоног”-ийн онцлох мессеж, шинэ сэргэг төлөвлөлтөөс танилцуулна уу? Үүний зэрэгцээ хурал чуулган хийж, баахан хөрөнгө хүч, цаг зав зарцуулсны үр дүн хаана байна гэх шүүмжлэлт хандлага нийгэмд байдаг. Үүнд “Уул уурхайн 7 хоног” ямар хариулт өгөх вэ?
Энэ бол хурал хийж байгаа хувийн хэвшлийнхэн, салбарынхны буруу биш. Үр дүнгүй байгаа нь шийдвэр гаргагчид шийдвэрээ гаргахгүй байна гэсэн үг. Салбарынхан хуралдаж, асуудлаа ярилцах нь шийдвэр гаргагчдад асуудлаа хүргэх арга хэрэгслийн нэг. Олон улсад ч ингэж л явдаг. Үүнд хурал чуулган хийж байгаа салбарынхныг буруутгах аргагүй, хийх ёстой ажлаа хийж байгаа. Асуудал байгаа учраас цуглаж ярилцаад, дуу хоолойгоо нэгтгэж хүргэхийг зорьсон хэрэг. Магадгүй, асуудалгүй болсон цагт хурал чуулган байхгүй болох байх. Гол нь хэлэлцээд байгаа асуудлыг шийдвэр гаргагчид хүлээж аваад, шийдвэрлэх хэрэгтэй байна. Үр дүнгүй байгаа нь асуудал шийдэгдэхгүй хуримтлагдсаар байгаагийн илрэл юм. Шийдэхгүй байсаар сүүлдээ асуудалдаа дарагдаад энэ салбар өндийж чадахаа болилоо. Дараагийн хөрөнгө оруулалт, дараагийн төсөл гэж алга. Байгаа төслүүдийнх нь тогтвортой байдал улам хязгаарлагдмал болж байна.
Он гарсаар уул уурхайн үйл ажиллагаа улам хумигдлаа. Нүүрсний зах зээл маш хүндэрлээ. Олоогүй орлогод нь татвар ногдуулдаг байсныг сая л Засгийн газар хүлээн зөвшөөрч, тогтоол гаргаснаар тодорхой хэмжээнд ахиц гарлаа. Яг үүн шиг шийдвэрүүд гаргаад явах хэрэгтэй байна. Тэгж байж хуралдаж асуудлаа ярилцсаны үр дүн гарна.
Мэдээж, хурал чуулганы утга агуулгыг алдагдуулж байгаа тал бийг хүлээн зөвшөөрнө. Аль нэг даргын пиарын арга хэрэгсэл болж байгаа хурлууд ч бий.
Энэ жилийн “Уул уурхайн 7 хоног”-ийн онцлох зүйлс гэвэл аж үйлдвэржилт болон газрын тосны салбарыг онцолж байгаа. Олборлоод дараагийн шатанд гарч, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэржилтийн үйл явцад бид бэлэн үү. Эрчим хүч нь байна уу, дэд бүтэц нь байна уу. Бид бусад улстай өрсөлдөж чадахгүй байгаагийн нэг том шалтгаан нь дэд бүтэц. Ямар шийдэл байж болохыг ярилцаад, шийдвэр гаргах түвшинд асуудлыг дэвшүүлж тавина. Салбарт гардан ажиллаж байгаа, зовлон жаргалыг туулж байгаа хүмүүсийнхээ үгийг шийдвэр гаргах түвшиндээ сонсоод, зөв шийдлийг сонгож хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
Түлш эрчим хүчний хамааралтай байдлаа бууруулахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг хугацаанд нь ашиглалтад оруулах ёстой. Үүнээс наана газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгж байж байгуулсан үйдвэрээ түүхий эдээр хангана.
Дээр ярьсан салбарын бүхий л тулгамдсан асуудлууд, гарц шийдлүүдийг салбар хуралдаануудаар танилцуулна. Мэргэжлийн холбоод, танхимууд өөр өөрсдийн салбар хуралдааныг чиглэлийн дагуу зохион байгуулаад явна.
Энэ жилийн нэг онцлог гэвэл Канадын уул уурхайн ассоциацын Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, Колумб, Хятадын уул уурхайн ассоциацын Ерөнхийлөгч нар ирж оролцоно. Энэ хүрээнд есдүгээр сарын 10-нд гаднаас ирсэн төлөөлөгчидтэйгээ өндөр түвшний уулзалт хийнэ. Энэ уулзалт “Эрдэнэт үйлдвэр” дээр зохион байгуулагдана. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, гарын тосны газар хамтран ажиллаж байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам оролцоно. Ажлын байрны нээлттэй өдөрлөг, компаниудын хөдөлмөрийн яармаг болно. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд тодорхой хэмжээний хөнгөлөлтийг санал болгож байгаа.
Үүний зэрэгцээ “Майнинг Инсайт” сэтгүүлийн хөгжүүлж байгаа “Women CEO’s in Mining” контентийн төслийг МУУҮА дэмжин хамтарч ажиллаж байна. Энэ салбарт цөөнгүй эмэгтэй удирдагчид уул уурхайн томоохон компаниудыг удирдан, сорилт бэрхшээлийг туулаад явж байна. Тэднийг салбарынхандаа болон олон нийтэд танилцуулж, алдаршуулах чухал санаачилгыг Ассоциац дэмжин ажиллахдаа таатай байгаа. “Уул уурхайн 7 хоног”-ийн үеэр “Майнинг Инсайт” сэтгүүлийн энэхүү контентийн жагсаалтад багтсан 17 эмэгтэй захирлын уулзалт болно.
Хурал хоёр өдөр үргэлжлээд 3 дахь өдөр уурхайчдын наадмаар өндөрлөнө. Иргэд ирж оролцох боломж нээлттэй. Тохижилтыг уурхайн талбай дээр ирсэн мэт мэдрэмж өгөхөөр хийж байна. “Уул уурхайн 7 хоног” төслийн хувьд 5 га талбайд бүтээн байгуулалт хийдэг. Цахилгааны нийт хэрэглээ 3000 кВт байдаг. Энэ жил 10 хувь буюу 300 кВт-ыг нарны батарейгаар шийдэж байгаа. Энэ нь уул уурхайн салбар эрчим хүчний шилжилтэд анхаарал хандуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорьж буйн нэг илэрхийлэл юм.
“Уул уурхайн 7 хоног”-ийн онцлох гүрнээр Хятад улс энэ жил оролцох нь байна. Шинэлэг ямар асуудлууд яригдах бол?
Өнгөрсөн жил Англи онцлох гүрнээр оролцсон. Энэ жил Хятад. Дараа жилийн улсыг энэ жилийн хурал дээрээ зарлаад явна. Стратегийн хувьд хамтрагч байх аль ч улсад бид нээлттэй байх болно.
Монгол Улсад өнөөдөр бүтээгч салбарын дуу хоолой алсраад, түүнийг тоодог ч хүнгүй, их ярьдаг, их пиар хийдэг л улс болчихлоо. Бүтээгч салбар улам бүр хумигдаж, энд ажилладаг хүн ч ховордлоо. Уул уурхайн компаниудын хүний нөөцийн бүрдүүлэлт 70-80 хувьтай байна. Энэ бол бүтээгч салбарынхнаа нийгмээрээ харлуулсны үр дүн. Хүүхдүүд энэ чиглэлээр мэргэжил сонгож суралцахаа ч больсон байна. Дараагийн хүний нөөцөө яах вэ гэдэг салбарын тулгамдсан асуудал болж хувирлаа. Олон улсад ч хүний нөөц тулгамдсан асуудал болж байна. Нэг талаас технологийн дэвшил нь автоматжуулах байдлаар хүний нөөцийн дутагдлыг оруулах боломжийг олгож байна.
Үүнийг урд хөрш маань маш хурдтайгаар хэрэгжүүлж байгаа тул суралцах зүйлс их байна. Аж үйлдвэржилтээрээ хол тасарчихлаа. Асар их технологийн дэвшлүүд гарч байна. Технологийн дэвшлийг ашиглаад, өнөөгийн хүний нөөцийн хомсдолыг шийдэх ямар боломж байгаагаас эхлээд тээвэр логистик, ханган нийлүүлэлт тогтвортой байх гээд олон асуудал энэ улстай холбогдоно. Стратегийн хувьд эрдэс баялгийн салбарт хамгийн том хамтрагч бол урд хөрш маань. Бид боломжийг ашиглаад хэрхэн урд хөрштэйгээ ахиц гарахуйц үйл ажиллагаа хэрэгжүүлж чадах вэ гэдэг чухал. Ялангуяа гэрээ зурсан төмөр замын асуудлууд юу болж байна, манай талаас болж хүлээгдээд байна уу. Эдгээрийн хариултыг олж мэдмээр байна.
Эцэст нь хэлэхэд, энэ Засгийн газар ажлаа эхлээд богино хугацаа өнгөрч байгаа ч уул уурхайн салбарт шийдлээ хүлээсэн зарим асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргаад явж байна. Үүнийгээ үргэлжлүүлэн, олон жил бугшсан асуудлыг зоригтойгоор шийдсэн улстөрийн шийдэл гаргаасай гэж хүлээж байна. Нийтлэг эрх ашгаа харж, энэ улс орныхоо хөгжлийн төлөө ажиллаасай.
Уул уурхайг эсэргүүцсэнээр баатар болдог улс төрийн буруу хандлагыг зөвөөр өөрчлөн, улс эх орондоо хэрэгтэй шийдвэрийн талд зогсох зориг зүрх залуу улстөрчдөд байгаа гэж найдаж байна. Ийм манлайлал улс төр талаасаа ч зөв жишгийг тогтоож чадах юм. Тиймээс залуу улстөрчдийг хуучны тэмцэгч ах нарынхаа дүрийг өөрчилж, улс орныхоо эдийн засгийн тулгуур салбарт хэрэгтэй шийдвэрийг гаргахад манлайлан ажиллаасай, хувь нэмрээ оруулаасай хэмээн хүлээж байна. Нөгөө талаар сонгогчид залуужиж, шинэ үеийнхэн ирж байна. Ямар их хэрсүү, ямар их мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг, уншдаг судалдаг үе ирж байгаа билээ. Ийм хэрсүү сонгогчдоо ойлгож, улс төрийн зөв жишгийг тогтоож, манлайлахад залуу улстөрчдөд маш гоё цаг үе ирж байна.
Ярилцсанд баярлалаа. “Уул уурхайн 7 хоног”-т амжилт хүсье. Салбарын хөгжилд ахиц дэвшил авчрах олон чухал санал санаачилга гарах болтугай.