2025 онд дэлхийн түүхий эдийн зах зээлийн гол “од” нь алт байлаа. Жилийн туршид шар металлын ханш 50 гаруй удаа түүхэн дээд түвшнээ шинэчилж, оны эцсээр нийтдээ 40 гаруй хувиар өссөн нь 1979 оноос хойших хамгийн өндөр жилийн өсөлтөд тооцогдож байна. Алтны үнийн энэхүү өсөлт хөрөнгө оруулагчдад төдийгүй алт олборлогч компаниудад ч асар их ашиг авчирсан. Алтны уурхайн салбарт хөрөнгө оруулдаг дэлхийн хамгийн том ETF болох VanEck Gold Miners өнгөрсөн онд 155 хувиар өсөж, алтны үнийн өсөлтөөс ч давсан гүйцэтгэл үзүүлжээ.
Дэлхийд алтны үйлдвэрлэлээр тэргүүлэгч Newmont, Канадын Agnico Eagle Mines компаниудын ашиг огцом нэмэгдэж, зах зээлийн үнэлгээ нь шинэ дээд хэмжээнд хүрсэн байна. Канадын TSX бирж дээр алтны компаниуд хамгийн өндөр өсөлттэй хувьцааны жагсаалтыг бараг бүрэн эзэлжээ.
Newmont нь дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалсан. 2025 онд Ганы Ahafo North төслийг ашиглалтад оруулж, мөн үндсэн бус хөрөнгүүдээ худалдаж шинэ шатанд гарсан. Гэхдээ тус компанийн үйлдвэрлэл 14 хувиар буурсан бөгөөд энэ онд дахин буурах төлөвтэй.
Хоёрдугаарт эгнэж буй Agnico Eagle Mines компани өнгөрсөн онд O3 Mining компанийг худалдаж авах, Perpetua Resources болон Канадын хэд хэдэн жижиг компаниудад хувьцаа эзэмших зэрэг хөрөнгө оруулалт хийжээ. Түүхэн өндөр нөөцийн хэмжээнд хүрсэн тул ойрын 3 жилд Agnico Eagle Mines—ийн үйлдвэрлэл тогтвортой байх төлөвтэй.
ТОП 10 алтны компанийн гуравдугаарт жагссан Barrick Mining компанийн олборлолт огцом буурчээ. Дэлхийн томоохон уурхай болох Loulo-Gounkoto цогцолбор нь 2025 оны ихэнх хугацаанд зогссон ч жилийн эцэст ажиллагаа нь сэргэсэн байна. Мөн Невада дахь хамтарсан төслүүдээр Newmont-той маргаан үүсэх магадлалтай аж.
Жагсаалтын дөрөвдүгээр эрэмбэлэгдсэн Хятадын Zijin Mining компани алтны үйлдвэрлэлээ 35 хувиар өсгөсөн байна. Newmont-оос Ганы Akyem уурхайг, мөн Казахстаны Raygorodok ордыг худалдан авч, Төв Азид алтны үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж буй юм.
Узбекистан төрийн Navoi Mining & Metallurgy нь дэлхийн алтны тэргүүлэх 10 компанийн тавдугаарт бичигдэж байна. Гол төсөл Muruntau нь дэлхийн хамгийн том алтны ордуудын нэг. Эл орд 150 сая унц алтны нөөцтэй.




















