БНХАУ-тай газрын тосны эрэл, хайгуулыг хамтран эрчимжүүлнэ

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци (CNPC)-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцсон байна. 

Уулзалтаар газрын тосны хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр болжээ. Тухайлбал, Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар олборлолтыг нэмэгдүүлэх аж. 

Мөн жилийн олборлолтыг 0.8–1.0 сая тонн хүртэлх боломжит дээд түвшинд хүргэх техникийн болон эдийн засгийн үнэлгээг хамтран хийж, тодорхой замын зураглал боловсруулах юм.

Үүний зэрэгцээ CNPC-ийг Монгол Улсын шинэ хайгуулын талбайд хөрөнгө оруулалт хийхийг урьж, 1–2 шинэ талбайд хамтарсан урьдчилсан геологи-эдийн засгийн үнэлгээ эхлүүлэхээр тохирчээ. 

2028 онд ашиглалтад орох Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг тогтвортой ажиллуулахын тулд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлох түүхий тосны нийлүүлэлтийг урт хугацаанд баталгаажуулах механизмыг бүрдүүлнэ.

Үүнээс гадна нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх зэрэг нүүрс-химийн технологийн хамтын ажиллагааг өргөжүүлж, нүүрсийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх боломжийг судлахаар болжээ. 

Эх сурвалж: АҮЭБЯ