MiningWeek & MinePro 2026 олон улсын уул уурхайн чуулга уулзалтын хүрээнд Mining Insight, Energy Insight сэтгүүлүүд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран “Уул уурхай ба эрчим хүчний ирээдүйг холбох нь” үндсэн хуралдааныг зохион байгуулна.
Хуралдаан 2026 оны есдүгээр сарын 17-нд 10:00-13:00 цагт “Хамтын чуулган” танхимд болох бөгөөд уул уурхайн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээ, шинэ төслүүдийн эрчим хүчний шийдэл, хууль эрх зүйн орчин, сэргээгдэх эрчим хүч, тээврийн цахилгаанжуулалт, ногоон уурхайн технологи болон өрсөлдөх чадварын асуудлыг хэлэлцэх юм.
Хөтөлбөрийн хүрээнд “Уул уурхайн ирээдүйг тэтгэх эрчим хүч”, “Уул уурхай & эрчим хүч -шинэ төслүүдийн шийдэл, боломж”, “Уул уурхайн салбарын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний үүрэг, хувь нэмэр”, “Уул уурхайн тээврийн шинэ эрин буюу цахилгаанжуулалтын шийдэл” сэдвээр илтгэлүүд тавигдана. Мөн “Уул уурхайн эрчим хүчний төслүүдийн шийдэл, хууль эрх зүйн орчин”, “Ногоон уурхай руу шилжих нь: Эрчим хүч, технологи ба өрсөлдөх чадвар” сэдэвт хэлэлцүүлгүүд өрнөнө.
Уул уурхай, эрчим хүчний салбарын бодлого, хөрөнгө оруулалт, технологийн шийдлийг нэг дор хэлэлцэх энэхүү хуралдаан нь Монголын уул уурхайн дараагийн өсөлтийг эрчим хүчний найдвартай, өрсөлдөх чадвартай, ногоон шийдэлтэй хэрхэн холбох вэ гэсэн гол асуултад төвлөрч байна.



















