Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Орано" группийн Уул уурхайн бизнесийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Завиер Сэйнт Мартин Тиллет, "Бадрах Энержи" компанийн гүйцэтгэх захирал Коралин Прин нарыг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын уул уурхайн салбарт хэрэгжиж буй хамгийн том гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төслүүдийн нэг гэдгийг онцолсон байна. Эдийн засгийн үр өгөөжөөс гадна өндөр технологи, хүний нөөцийн чадавх, байгаль орчны хариуцлагатай менежмент болон олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах стратегийн ач холбогдолтой төсөл гэж үзэж, төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд талуудын идэвхтэй хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нээлттэй харилцаа чухал гэдгийг дурджээ.
“Орано" группийн Уул уурхайн бизнесийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Завиер Сэйнт Мартин Тиллет "Зөөвч-Овоо төсөл Орано группт төдийгүй Франц улсад чухал ач холбогдолтой тул өндөр үүрэг хүлээж, сайтар анхаарч ажиллаж байна. Бадрах Энержи компани өдгөө 300 гаруй ажилтантай болж өргөжсөн. Удирдлагын түвшинд ажиллах монгол залуус Франц улсад туршилтаар ажиллаж эхэлсэн. Барилгын талбай дахь ажлууд урагштай явж байгаа тул гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой" гэдгийг илэрхийлжээ.
"Зөөвч-Овоо" төсөл 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой
Мөн туршилтын экспорт хийх бэлтгэл хангагдаж байгаа бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалын экспортын тусгай зөвшөөрлийг ямар байгууллагаас авах асуудал одоо хүртэл хууль эрхзүйн хувьд тодорхойгүй байгаа тул шийдвэрлэж өгөх хүсэлтээ Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт уламжилжээ. Ж.Энхбаяр хэлэхдээ, "Хаврын чуулганаар батлагдсан Бизнесийн эрх чөлөөний хуулиар тусгай зөвшөөрлийн процессыг хялбарчлан цахимжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан 40 гаруй хуулийн хориг саад, хууль бус шаардлагууд цуцлагдсан тул холбогдох шийдэлд хүргэнэ" гэсэн байна.




















