Fortescue-ийн аравдугаар сард нийтэлсэн урьдчилсан тайлангаар төмрийн хүдрийн тээвэрлэлт 46.8 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 6 хувиар буурсан байна. Үүнд уурхайн болон боомтын төлөвлөгөөт засвар үйлчилгээ нөлөөлжээ.
CMRG нь Хятадын ган үйлдвэрлэгчдийн төмрийн хүдрийн худалдан авалтыг нэгтгэж, олон улсын нийлүүлэгчидтэй хийх үнийн хэлэлцээнд худалдан авагчдын байр суурийг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан компани юм.
Fortescue компанийн гематит төмрийн хүдрийн борлуулалтын дундаж үнэ тайлант улиралд нэг хуурай тонн тутамд 80 ам.доллар болжээ. Тус компани 2027 оны санхүүгийн жилийн тээвэрлэлт, үйлдвэрлэлийн өртөг болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө одоогоор өөрчлөөгүй боловч эдгээр төлөвлөгөө CMRG-тэй хийж буй хэлэлцээний үр дүнгээс хамаарахыг мэдээлсэн байна.
Fortescue нь дэлхийн томоохон төмрийн хүдрийн нийлүүлэгчдийн нэг бөгөөд 2025/2026 оны санхүүгийн жилд 201.3 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэж, борлуулсан. Үүний 90 орчим хувийг БНХАУ худалдан авсан байна.
Тайлбар: Австралийн санхүүгийн жил тухайн жилийнхээ долоодугаар сарын 1-нээс эхэлж, дараа жилийнхээ зургаадугаар сарын 30-нд дуусдаг.
Эх сурвалж: mining.com, GMK Center
Хятадтай хийж буй хэлэлцээ Fortescue-ийн төмрийн хүдрийн борлуулалтад нөлөөлөв
Австралийн Fortescue компани 2026 оны эхний улиралд 42.9 сая тонн төмрийн хүдэр борлуулсан нь тээвэрлэсэн хэмжээнээс 3.9 сая тонноор бага байсныг мэдээлжээ. Тус компани энэхүү зөрүүг Хятадын төрийн дэмжлэгтэй China Mineral Resources Group (CMRG)-тэй хийж буй гэрээний хэлэлцээтэй холбон тайлбарласан байна.





















