Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц 57.7%-тай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсэгтэй уулзаж, төслийн хэрэгжилт болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар мэдээлэл авчээ.

Ажлын хэсгийн танилцуулснаар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц 10 дугаар сарын 1-ний байдлаар 57.7 хувьтай байна. Үүнээс EPC-1 багц ажил 100 хувь, EPC-2 багц ажил 68 хувь, EPC-3 багц ажил 49 хувь, EPC-4 багц ажил 14 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

Монгол Улсын газрын тосны геологийн баталгаат нөөц 333.7 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 43.4 сая тонн байна. Үүнээс 10 сая тонныг өнөөгийн байдлаар олборложээ. 

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 824 мянган тонн дизель түлшнээс гадна автобензин, онгоцны түлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Газрын тосны хайгуулыг нэмэгдүүлэх зорилгоор 16 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт шинээр зарласан бөгөөд нийт талбайн хэмжээ 286.2 мянган км2 газар нутгийг хамарч байна.

Түүнчлэн “Петрочайна Дачин Тамсаг” компани ирэх жилээс газрын тосны хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний 95 хувь нь төмөр замаар тээвэрлэх тул ЗТЯ, АҮЭБЯ, ЭЗХЯ хамтран ажиллаж, ямар өртөөнд, хэр хэмжээтэй бүтээгдэхүүн буулгах, мөн хадгалах савны хүртээмж, цааш нь ямар тээврийн хэрэгслээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн үүрэг хаана дуусах вэ гэдгийг нэгдсэн байдлаар төлөвлөх шаардлагатай байна. 

Мөн Ширээт дэд станцын өргөтгөлийг газрын тос боловсруулах үйлдвэрийн ДЦС-тай холбох ажлыг ЭХЯ, Диспетчерийн үндэсний төв, цахилгаан түгээх сүлжээ зэрэг холбогдох эрчим хүчний байгууллагуудтай хамтран хийж байна.

Үйлдвэрийн түүхий эдийн хангамжтай холбоотой өрөмдлөгийн ажилд Канад, Хятадын компаниуд оролцож байгаа талаар мэдээлжээ.