Критикал минералын салбарт Хятад давамгай байдлаа хадгалсаар байна

Ц. Янжин

АНУ болон Малайз улс газрын ховор элементийн (ГХЭ) олборлолт, боловсруулалтад хөрөнгө оруулснаар энэ салбар дахь Хятадын нийлүүлэлтийн төвлөрөл 2023 онд 90 хувь байсан бол 2025 онд 85 хувь болж буурчээ. Харин ГХЭ-ийг эс тооцвол чухал ашигт малтмалын олборлолт дахь БНХАУ-ын эзэлж буй байр суурь 70 хувиас 72 хувь болж өссөн талаар Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)  мэдээлсэн байна. 

Дэлхий даяар төлөвлөгдсөн ГХЭ олборлох төслүүд хуваарийн дагуу ашиглалтад орсон ч энэ зах зээлд Хятадын эзлэх байр суурь 2035 он гэхэд 70-73 хувь хүртэл буурах төлөвтэй байгааг ОУЭХА-ийн “Дэлхийн чухал ашигт малтмалын 2026 оны төлөв байдал” тайланд дурджээ.  

Тус агентлагийн мэдээллээр, соронз үйлдвэрлэлд голлон ашиглагддаг газрын ховор элемент, иттри болон кобальт зэрэг нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдалд хамгийн ихээр өртөх эрсдэлтэй ашигт малтмалын тоонд багтаж байна. ГХЭ нь салхин сэнс, иттри нь нарны эрчим хүч хувиргагч, харин графит, кобальт, манган, никель нь эрчим хүч хадгалах батарейн системд тус тус ашиглагддаг.

АНУ нь чухал ашигт малтмал болон батарейн түүхий эдийн салбарт Хятадаас хамаарлаа бууруулах зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг санхүүжүүлэх, компаниудын хувьцааг худалдаж авах, олон улсын хэлэлцээр байгуулах зэрэг олон талт бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал 2025 оноос хойш АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа 40 гаруй тэрбум ам.долларын 160 гаруй хэлэлцээр баталж АНУ-ын Эрчим хүчний яам болон Экспорт-Импортын банкнаас Lilac Solutions, Westwater Resources зэрэг төслүүдэд зуун сая ам.долларын зээл, санхүүжилт хуваарилжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар уул уурхай болон боловсруулах салбарын төслүүдийг төлөвлөх, хөгжүүлэхэд багагүй цаг хугацаа шаардагддаг тул төрийн дэмжлэг, бодлого урт хугацаанд тогтвортой байх ёстой гэж үзэж байна.    

Хятад улс одоогоор дэлхийн литий, кобальт, фосфат, манган болон бал чулууны боловсруулалтын 70–95 хувийг, батарейн түүхий эдийн үйлдвэрлэлийн 80 хувийг эзэлж байгаа юм. Тус улс 2025 онд газрын ховор элемент болон батарейн түүхий эдийн экспортдоо шат дараатай хязгаарлалт тогтоосон нь дэлхийн батарейн үйлдвэрлэлд шууд эрсдэл учруулсан. Хэдийгээр зарим хязгаарлалтаа түр зогсоогоод байгаа ч энэхүү монополь байдлаа цаашид худалдааны хэлэлцээрт давуу тал болгон ашиглах төлөвтэй байна.