Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан болж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яам болон харьяа байгууллагуудын ажлын явцтай танилцан, холбогдох үүрэг, чиглэл өгсөн байна.
Тухайлбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хүчингүй болох журмуудыг танилцуулах чиглэл өгсөн байна.
Шуурхай хуралдаанаар дараах үүрэг, чиглэлийг мөн өгчээ. Үүнд:
- Төрийн үйлчилгээг шуурхай болгох хүрээнд иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж, цахим системүүдийг нэгтгэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
- Шатахууны нийлүүлэлт, нөөцийн тогтвортой байдлыг хангаж, “Петро Матад” компанийн олборлосон 70–80 мянган тонн түүхий тосыг дотоодын бага оврын үйлдвэрүүдэд боловсруулан шатахуун үйлдвэрлэх боломжийг судлах;
- Хайгуулын талбайн сонгон шалгаруулалтыг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдээс талбайн саналыг цахимаар авах механизм бүрдүүлэх;
- Гангийн үйлдвэр, алт цэвэршүүлэх болон зэс боловсруулах үйлдвэрүүдийн сонгон шалгаруулалт, холбогдох бэлтгэл ажлыг эрчимжүүлэх. Мөн Налайхын үйлдвэрлэл, технологийн парктай холбоотой бодлогын зохицуулалтыг тодорхой болгох хүрээнд бусад яамтай уялдаа холбоотой ажиллах;
- Уул уурхайн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, осол, зөрчлийг шуурхай мэдээлэх нэгдсэн систем бүрдүүлэх;
- Монгол Улсын боомтуудаар аюултай ачаа тээвэрлэх боломж, эдийн засгийн ач холбогдлын талаар нэгдсэн судалгаа гаргах;
- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын тов, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж, гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан санамж бичиг, тохиролцооны хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах, эдгээр ажлыг хэрэгжүүлэхийг яам болон харьяа байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон байна.
Эх сурвалж: АҮЭБЯ




















