Беларусь Монголын төмрийн хүдрийг шууд гэрээлэн авах сонирхлоо илэрхийлэв

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцсон байна. 

Элчин сайд Орда Михаил Сергеевич хэлэхдээ, Беларусь Улс нь жилд 2 сая тонн газрын тос, 200 сая куб метр дагалдах хийг гарган авч дотооддоо 100 хувь боловсруулж, шатахууны хэрэглээгээ хангадаг. Мөн Беларусийн газрын тосны ордууд гүнд байрладаг учраас энэ чиглэлд хайгуул, өрөмдлөгийн технологи, туршлага өндөр хөгжсөн гэдгийг онцолж, хамтарсан судалгаа, хайгуул хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Монгол Улсын  газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой нийцэж байгаа учраас хамтарсан төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтойг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцолсон байна. 

Мөн Беларусь Улс нь Монгол Улсаас олборлож буй төмрийн хүдрийг ОХУ-аар дамжуулан импортолдог. Цаашид Монгол Улстай шууд гэрээлэн  төмрийн хүдрийг импортлон авах  сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Харин Монгол улс дотооддоо гангын үйлдвэр байгуулах бодлого хэрэгжиж байгааг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцолж, боловсруулсан бүтээгдэхүүнийг Беларусь Улсын металлургийн үйлдвэрт нийлүүлэх өргөн боломжууд байгааг онцолсон байна. 

Уулзалтын үеэр Беларусийн алдарт "БелАЗ" хүнд даацын уул уурхайн машин механизмыг Монголд угсрах үйлдвэр байгуулах саналыг Беларусийн Элчин сайд мөн дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: АҮЭБЯ