MiningWeek & MinePro 2026 эхэллээ

“MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн өнөөдөр (2026.09.16) нээлтээ хийлээ. Тус чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарт авч хэрэгжүүлэх алхмуудын талаар танилцууллаа. 

Тэрбээр хэлэхдээ, "Хариуцлагатай уул уурхай гэдэг зөвхөн олборлолт биш, харилцан итгэлцэл юм. Төр, иргэд, орон нутаг, бизнесийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор “Хариуцлагатай эрэл хайгуул, олборлолтын үндэсний зөвлөл”-ийг байгуулна. 

Манай Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийг хамгаалах хууль олныг батлууллаа. Эрхзүйн эрүүл саруул орчин нь олон жил ярьсан, гацсан төслүүдийг хөдөлгөж,  хөрөнгө оруулалтыг дэмжинэ. 

Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөрс суурь, дохио дуудлага болно. Цаашдаа хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарна" гэв. 

“MiningWeek & MinePro 2026” арга хэмжээнд 20 орны 3,500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, 135 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник технологийн шийдлээ танилцуулж байна. Үзэсгэлэн нийт 17,200 м² талбайг хамарч, дотор болон гадна 350 гаруй үзэсгэлэнгийн асар ажиллаж байгаа бөгөөд гадна талбайд л гэхэд уул уурхайн зориулалттай хүнд машин, механизм, тоног төхөөрөмжүүд дэлгэгдэж байна.