Н.АРИУНТУЯА
bolderdene@mininginsight.mn
Монголын уул уурхайн өсөлтийн тухай ярих бүрд эрдэс баялгийн нөөц, хөрөнгө оруулалт, төмөр зам, боомт, зах зээлийн асуудал хөндөгддөг. Тэгвэл эдгээрээс дутахгүй, зарим тохиолдолд бүр өмнө тавигдах нэг асуудал бий нь эрчим хүч. Уурхай нээх, боловсруулах үйлдвэр байгуулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийг цахилгаанжуулах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах гээд уул уурхайн дараагийн шатны зорилт бүр эрчим хүчний асуудалтай тулгардаг байна. Нөгөө талдаа Монголын эрчим хүчний салбарт шинэ хөрөнгө оруулалт, тогтвортой хэрэглэгч, урт хугацааны эрэлт хэрэгтэй байна. Тэр эрэлтийн нэг томоохон эх үүсвэр нь уул уурхай. Өөрөөр хэлбэл, уул уурхай ба эрчим хүчийг хоёр тусдаа салбарын бодлогын түвшинд авч үзэх нь өрөөсгөл юм. Иймээс Майнинг Инсайт, Энержи Инсайт сэтгүүлүүд “Монголын уул уурхайн 7 хоног”-ийн хүрээнд “Уул уурхай ба эрчим хүчний ирээдүйг холбох нь” сэдэвт Хамтын чуулганыг зохион байгуулж байна.
Хөтөлбөр “Уул уурхайн ирээдүйг тэтгэх эрчим хүч” илтгэлээр эхэлж, “Уул уурхай, эрчим хүчний шинэ төслүүдийн шийдэл, боломж” сэдвээр үргэлжилнэ. Араас нь шийдэлтэй холбоотой хууль эрх зүйн орчны хэлэлцүүлэг өрнөнө. Энэ нь хоёр салбарын уулзах цэгийг ойртуулж, салбар хоорондын яриаг нэгтгэх гэсэн оролдлого юм. Манай нөхцөлд уул уурхайн төслүүд эрчим хүчний хэрэгцээгээ өөрсдөө шийдэх шаардлагатай тулгардаг. Харин сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэх боломж нь эрчим хүчний систем түүнийг хэр хэмжээнд хүлээн авч, тэнцвэржүүлж, хуримтлуулж чадахаас шууд хамаарч байна. Нөгөө талд ногоон шилжилт уул уурхайн компаниудын өртөг, технологийн сонголт, санхүүжилт, улмаар өрсөлдөх чадварт нөлөөлж эхэллээ. Эдгээр асуудлыг тус тусад нь хэлэлцэх үед шийдлийн нэг хэсэг үргэлж нөгөө танхимд үлддэг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн асуудлыг эрчим хүчгүйгээр, эрчим хүчний шилжилтийг уул уурхайгүйгээр бүрэн шийдэх боломжгүй. Тиймээс энэхүү Хамтын чуулганаар харилцан хамаарал бүхий нэг систем хэмээн харж, уул уурхай, эрчим хүч, ногоон шилжилтийн огтлолцолд бодит шийдэл эрэлхийлэхийг зорьж байгаа юм. Түүнчлэн уул уурхайн компанийг эрчим хүчний хэрэглэгч төдийгөөр харах нь учир дутагдалтай. Томоохон уул уурхай шинэ эрчим хүчний эх үүсвэрийг эдийн засгийн хувьд боломжтой болгох хэмжээний эрэлт бий болгож чадна. Эрчим хүчний салбар ч уул уурхайн дэд бүтэц төдий биш. Найдвартай, өрсөлдөхүйц үнэтэй, цэвэр эрчим хүч Монголын ашигт малтмалыг олборлон экспортлохоос гадна дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээх суурь нөхцөл юм. Энэ холбоосгүйгээр аж үйлдвэржилтийн тухай ярих боломжгүй билээ. Чуулганы хоёр дахь хэсэг нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний оролцоо, уурхайн тээврийн цахилгаанжуулалт, цаашлаад “Ногоон уурхай руу шилжих нь: Эрчим хүч, технологи ба өрсөлдөх чадвар” сэдэвт төвлөрч байгаа. Төр засаг, уул уурхайн болон эрчим хүчний компани, олон улсын байгууллага, технологийн компаниудыг нэг хэлэлцүүлэгт авчирч буй нь ногоон шилжилтийг хөрөнгө оруулалт, технологи болон бизнесийн өрсөлдөх чадвар талаас нь харж буйн илэрхийлэл юм. Энэ нь цаашид Монголын уул уурхайн салбарт улам чухал болох өнцөг.
Дэлхийн уул уурхайн өрсөлдөөн ордын нөөц, хүдрийн агуулга, олборлолтын өртгөөр хязгаарлагдахаа больж байна. Ямар эрчим хүчээр үйлдвэрлэж, хэр хэмжээний ялгаруулалттай олборлож, тээвэр нь хэр цахилгаанжсан, бүтээгдэхүүний нүүрстөрөгчийн ул мөр ямар байх зэрэг нь зах зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэртэй улам бүр нягт уялдаж байна. Монголын дараагийн уул уурхайн том төслийг эрчим хүчгүйгээр төсөөлөх боломжгүй. Монголын дараагийн эрчим хүчний том төслийг ч эдийн засгийн том хэрэглэгчгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэгвэл энэ хоёр салбар хаана уулзах ёстой вэ? Бодлого, хөрөнгө оруулалт, төслийн төлөвлөлт, технологийн сонголт дээр. Тэгээд хамгийн гол нь нэг танхимд, нэг ширээний ард. Хэвлэл мэдээллийн үүрэг нь зөвхөн үйл явдлыг сурвалжлахаар хязгаарлагдах ёсгүй гэж бид үздэг. Төрөлжсөн хэвлэлүүд асуудлыг олж харж хөндөх, өөр өөр оролцогчдын байр суурийг уулзуулах, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын шийдэл хайх талбарыг бий болгох боломжтой. Тиймээс манай хоёр сэтгүүл энэ удаа уул уурхай ба эрчим хүчний салбарын яриаг холбогч платформын байр сууринаас “Уул уурхайн 7 хоног”-т оролцож байна. Чуулганы төгсгөлд B2B уулзалтын цаг төлөвлөсөн нь ч үүний илэрхийлэл юм. Учир нь тайзан дээрх яриа бодитой төсөл, технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа болж хувирснаар үр нь хэмжигдэнэ.
Монголын уул уурхай шинэ шатанд гарна гэвэл түүнд шинэ эрчим хүч хэрэгтэй. Монголын эрчим хүчний салбар шинэ шатанд гарна гэвэл түүнд шинэ хэрэглээ, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ загвар хэрэгтэй. Энэ хоёр хэрэгцээний огтлолцол дээр Монголын дараагийн өсөлтийн боломж байна. Майнинг Инсайт, Энержи Инсайт сэтгүүлийн Хамтын чуулган чухам тэр огтлолцлыг илүү тод харах, хоёр салбарын ирээдүйг тус тусад нь бус хамтад нь төлөвлөх яриаг эхлүүлэхийг зорилоо. Уул уурхай, эрчим хүчний салбарынхныг Хамтын чуулганы нэг танхимд сууж, ирээдүйн шийдлээ хамтдаа ярилцахыг урьж байна.


























