
Монголын уул уурхайн салбар ойрын өдрүүдэд “сүр дуулиан” ихтэй байна. Нэг талаар хууль эрх зүйн болон бодлогын орчинд сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй томоохон өөрчлөлтийг авчрахуйц хуулийн төслүүд боловсруулагдаж, эхнээсээ УИХ-аар хэлэлцэгдэж эхэллээ. Нөгөө талдаа уул уурхайн бизнесүүдэд хамаатай томоохон шийдвэрүүд шил шилээ даран гарав. Бодлогын өөрчлөлтийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Стратегийн ашигт малтмалын ордуудын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай хуулийн төслүүдтэй холбоотой. Энэ хоёр хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Монголын уул уурхайн салбарын бодлогыг орвонгоор нь эргүүлж ч мэдэхээр байна.
Ерөнхий сайд Н.Учрал тавдугаар сарын 11-нд стратегийн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч компаниудтай уулзах үеэрээ стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, үр өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээхийн тулд бие даасан хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээ мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдэл уул уурхайн салбарт ил биш ч гэлээ нөлөө бүхий бужигнаан үүсгэж орхив. Үр өгөөж гэж юу вэ, хэрхэн тооцох вэ ... гээд ар араасаа олон асуулт дагуулж байна. Нэг талаасаа хүн бүрийн мэддэг мэт боловч нөгөө талаасаа эрх зүй болон эдийн засгийн агуулга нь нэг мөр тодорхойлогдоогүй энэ ойлголт хуульчлагдвал Монголын уул уурхайн салбарт хамгийн том бодлогын өөрчлөлт авчирч магадгүй юм.
Чухам иймийн учир уул уурхайн мэдээллээр төрөлжсөн мэргэжлийн, бие даасан редакц бүхий хараат бус сэтгүүлийн хувьд “Майнинг Инсайт” нь Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын үр өгөөж гэж юуг хэлэх вэ” сэдвийн хүрээнд Бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын үр өгөөжийн талаар судалгаа хийж байсан эдийн засагчид, салбарын судлаачид болон уул уурхайн томоохон компаниудын Гүйцэтгэх захирлуудыг урьж оролцуулсан юм. Хэлэлцүүлгээр уул уурхайн ордын үр өгөөж гэх ойлголтыг салбарын оролцогчид хэрхэн ойлгож, тайлбарлаж байгааг тандахыг хүссэн хэрэг. Хэдийгээр зарим асуудлаар үзэл бодол нь ялгаатай, бүр эсрэг тэсрэг гэхээр байсан ч уул уурхайн ордын үр өгөөжийг оновчтой тодорхойлж, эрх зүйн зохицуулалтад тусгах шаардлагатай гэдэгт бүгд санал нэгдэж байлаа. Энэ удаагийн дугаартаа бид тэдгээр байр суурь, тайлбар, дүгнэлтийг дэлгэрэнгүй хүргэж байна. Мэргэжлийн хүрээний дуу хоолой, олон өнцөг бүхий байр сууриудыг бодлого боловсруулагчид анхааралдаа авч үзээсэй хэмээсэн Бодлогын зөвлөмжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Майнинг Инсайт” сэтгүүлээс хүргүүлээд байна.
Түүнчлэн Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Хэрэв батлагдвал сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй өөрчлөлт Ашигт малтмалын хуульд орж, салбарт хуримтлагдсан цөөнгүй асуудлыг шийдвэрлэхээр байна. Үүнд хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэх гарцыг нээх, орон нутгийн харилцаа, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, нэмээд чухал ашигт малтмалын тухай шинэ зохицуулалт зэргийг дурдаж болох юм. Мөн зэсийн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүдийг нээх АМНАТ-ийг бууруулах асуудал ч тусгагдаад байна.
Хэд хэдэн Засгийн газар, төдий тооны Салбарын сайд нар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг оролдсон ч бүтэлгүйтсэн түүхтэй. Тэр хэрээр гадаад орчинд Монголын уул уурхайн салбарын бодлого тогтворгүй, тодорхой бус гэсэн мессежийг өгсөөр ирсэн. Тэгвэл энэ удаад Г.Дамдинням сайд хуулийн төслөө УИХ-д өргөн барьж чадлаа. Гэхдээ энэ төсөл улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлыг даван туулж, батлагдах эсэхийг хэлж мэдэхгүй юм. Юутай ч салбарын оролцогчдын хувьд Монголын уул уурхайн зарим нэг гацааг арилгах хуулийн өөрчлөлт хийгдээсэй гэсэн хүлээлт өндөр байна.
Хууль эрхзүй, бодлогын орчинд өрнөж буй эдгээр үйл явдалтай зэрэгцэн стратегийн ордуудыг ашиглаж буй зарим компаниудтай холбоотой таатай мэдээнүүд чих дэлсэн байна. Юун түрүүнд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн дунд өрнөж буй хэлэлцээр эхний шатаа амжилттай давж, үр дүнд хүрлээ. “Рио Тинто” компанийн авдаг менежментийн төлбөрийг хоёр дахин буурууллаа. Жилд 70 орчим сая ам.доллараар өгөөж нэмэгдэх тухай яригдаж байна. Одоо “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна.
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж буй Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордод хөрөнгө оруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг эцэслэлээ. Сонгон шалгаруулалтад Хятадын томоохон компаниуд оролцсон ч хэнийг нь ч “тэнцүүлсэнгүй”. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” компани бие даан Бортээгийн ордыг ашиглахаар болж байна. 500 саяас 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр санал болгосон хөрөнгө оруулагчдад “ҮГҮЙ” гэж хэлсэн нь энэ Засгийн газрын “сюрприз” байлаа.



























