Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг амьсгаа даран хүлээж байна

Редактор, сэтгүүлч С.БОЛД-ЭРДЭНЭ

Олон улсын томоохон судалгааны байгууллага болох S&P Global-аас зэсийн зах зээлийн талаар нэгэн сонирхолтой судалгааг танилцууллаа. Хиймэл оюун ухааны хөгжлийг даган 2040 он гэхэд хүн дүрст роботуудын үйлдвэрлэл тэрбумаас давж, тэдгээрийн үйлдвэрлэлд жилд 1.6 сая тонн зэс хэрэглэх тооцоолол гарчээ. Энэ бол зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл гэж үзэж байна. Өнгөрсөн жил дэлхийн зэсийн эрэлт 28 сая тонн байсан бол 2040 он гэхэд 42 сая тоннд хүрэхээр байна. Гол өсөлтийг эрчим хүчний шилжилт болон хиймэл оюун ухаан, дата төвүүдийн хэрэглээ бүрдүүлэхээр байна. Одоогийн байгаа шинээр тогтоогдсон нөөц, уурхайнуудын хүчин чадлаар бол 14 жилийн дараа гэхэд 10 сая тонн зэсийн хомсдол үүсэхээр байна. Ийм хомсдолыг арилгахын тулд зэсийн шинэ уурхайнуудыг нээх, энэ чиглэлд төрийн бодлого дэмжлэг зайлшгүй хэрэгтэй хэмээн үзэж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангаж буй хиймэл оюун ухааны хөгжил, эрчим хүчний шилжилт нь маш их хэмжээний ашигт малтмалыг “нэхэж” байгаа үед Монгол Улс Ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөхөөр ид ажиллаж байна. Арваад жил яригдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АҮЭБЯ-наас боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг хийлээ. Салбарын оролцогчид, компаниуд болон 21 аймагт орон нутгийн иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, танилцууллаа. Хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг тодорхой хэмжээнд тусгаж, хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлтгэж байна. Хуулийн төслийг баталвал уул уурхайн салбарын хөгжлийг хойш татаж байгаа чамгүй асуудлуудыг шийдвэрлэх, нөгөө талаар уул уурхайн компаниудын үйл ажиллагаа илүү хариуцлагатай болох, оролцогч талуудын дэмжлэг нэмэгдэх гээд эерэг үр дүн гарах болов уу гэсэн хүлээлт өндөр байна. Ялангуяа уул уурхайн компаниудын төлөөлөл уг өөрчлөлтийг нэн даруй хийх шаардлагатай байгааг салбарын яамандаа учирлаж байгаа юм. АМтХ ийн гол өөрчлөлт юу болох, компаниуд хэрхэн хүлээж авч байгаа талаар Майнинг Инсайт онцоллоо. Мөн АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй хуулийн өөрчлөлт төдийгүй эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж байгаа төслүүд, тэр дундаа алтны шинэ төслүүдийг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

Монгол түмэн “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилээ үдэж, “Сүрээр дарагч” хэмээн гал морин жилтэйгээ учран золголоо. “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилд Монголын уул уурхайн салбарт онцлох үйл явдал чамгүй их өрнөжээ. Монголын уул уурхайн салбарын ирээдүйг өөрчлөх хэмжээний үйл явдлууд ч гэж тодотгож болохоор. Майнинг Инсайт сэтгүүл Могой жилийн уул уурхайн салбарын гол дүрүүдийг онцлон тэмдэглэж байна. Уул уурхайн салбарт өрнөж буй бодлогын өөрчлөлт, томоохон компаниудын нэгдэн нийлэх хэлцэл, шинээр ашиглалтад орсон үйлдвэр гээд өрнөсөн үйл явдлуудын манлайд байсан эрхмүүд хэн хэн байсан бэ? Томоохон үйл явдлуудаас уул уурхайн салбарт хамгийн том өөрчлөлтийг авчирч болзошгүй нэгээхэн жишээ нь Стратегийн ордуудын өгөөжийн 60 хувийг хүртэх замаар Баялгийн санд хуримтлуулах Засгийн газар болон зарим компанийн хэлэлцээ юм. Стратегийн ордууд дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг 26 компанийн гурав нь Засгийн газартай хэлэлцээ хийж, өгөөжийн 60 хувиа өгөхөөр болсноо зарласан. Өгөөжийн 60 хувь гэдэг хэр хэмжээний мөнгө болох, өгөөж гэж юуг ойлгох, хөрөнгө оруулагч, компаниудад ямар байдлаар тусах, цаашид томоохон ордуудыг стратегийн орд болгож, тэр бүрээс өгөөжийн 60 хувийг авах уу гээд олон зүйл тодорхойгүй үлдэж байгаа ч энэхүү хэлэлцээ нь цаашид Монголын уул уурхайн салбарт шинэ жишиг тогтоох нь ойлгомжтой юм.