Уул уурхайн эмэгтэйчүүд манлайлал, оролцоо, ирээдүйгээ хэлэлцэж байна

Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” форум өнөөдөр (2026.06.16) Holliday Inn зочид буудлын хурлын танхимд болж байна.  Энэхүү форумд уул уурхайн салбартай холбоотой төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, их дээд сургуулийн 40 гаруй эмэгтэй төлөөлөл оролцож байгаа юм.  Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Б.Уянга, АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бекер болон Ерөнхий сайдын зөвлөх Г.Эрдэнэтуяа нар үг хэллээ

АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ШИЙДЛИЙГ ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМТДАА ГАРГАДАГ 

УИХ-ын гишүүн Б.Уянга “Жижигхэн гэлтгүй аливаа асуудлыг дандаа эрчүүд сууж байгаад шийдлийг нь олох нэг өөр, дан эмэгтэйчүүд сууж байгаад шийдлийг нь олоход бас өөр. Харин хамгийн амжилттай хэрэгжүүлж болох шийдлийг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хамтдаа ярьж байгаад гаргадаг байх нь. Учир нь өөр өөр өнцгөөс аливаа асуудалд нь ханддаг. Тэгэхээр олон талын хандлага байж байж хэрэгжихүйц зүйл гардаг юм байна. Тийм учраас  үүнийг ойлгуулъя гэж эмэгтэйчүүд, залуус, оюутнууд, энд хуран цуглан залуу бүсгүйчүүдээ дэмжин өнөөдрийн энэ арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа гэдэгт итгэж байна” 

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО 2025 ОНД 14 ХУВЬ БОЛЖ БУУРСАН 

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Уул уурхайн салбар өөрөө онцлогтой. Эрт дээр үеэсээ уламжлал болгож эрчүүдийн салбар мэтээр ойлгогдож, ийм хэвшмэл ойлголттой өнөөдрийг хүрсэн. Салбарт 2020 оны үзүүлэлтээр 15.5 хувтай байсан эмэгтэйчүүдийн оролцоо 2025 онд 14 хувь болж буурсан байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоо хэдийгээр нэмэгдэж байгаа ч тухайлсан уул уурхайн салбарт биш тээврийн салбарт улам илүү өсөн нэмэгдэж байгаа. Монгол Улсын уул уурхайн салбар нь ДНБ бүтээгдэхүүний 30 гаруй хувийг, улсын төсвийн 30 гаруй хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувийг эзэлдэг. Яг өнөөдөр олон улсад уул уурхайн эрдэс баялгийн түүхий эдийн үнэ өндөр түвшинд хүрсэн. Ногоон эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин, чип үйлдвэрлэл, дата төв, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт гээд энэ бүхэнд металлын эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр буй. Тиймээс Монгол Улс чухал ашигт малтмалын жагсаалттай болох чиглэлд тодорхой бодлогуудыг бий болгож байна. Үүний АҮЭБЯ-наас Ашигт малтмалын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа бөгөөд Хаврын чуулганд багтаан батлуулах зорилттой. Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түүчээлж явахаас илүүтэйгээр энэ салбарт ажиллах боловсон хүчний эрэлт хэрэгцээг улам бүүр өсөн нэмэгдэнэ. Олон мянган геологич мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй. Боловсруулах үйлдвэрийн салбарын олон мянган ажилтан, албан хаагчид шаардлагатай болно. Зэс, нүүрс, газрын тос боловсруулах үйлдвэрүүд байгуулагдахад тухайлсан нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтан хэрэгтэй байна. Тиймээс мэргэжлээрээ бахархаж, мэргэжлийнхээ сайн сайхныг бусдад түгээснээр бусдын оролцооны хандлага, харилцааг сайжруулж, уул уурхай, аж үйлдвэрийн салбар, боловсруулалтын өндөр түвшинд хүрэхэд эмэгтэйчүүдийн олон талт оролцоо хангагдахад энд өнөөдөр хуран цугласан та бүхэн маргаашийн ирээдүйг бий болгоно”

АВАРГА МАШИНЫГ ТУРЬХАН ЭМЭГТЭЙ ХҮН ЖОЛООДОЖ БУЙГ ХАРААД БИ ХУВЬДАА ҮНЭХЭЭР БАХАРХСАН

ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бекер “Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжлийн гол хөдөлгөгч хүчний нэг. Үүний зэрэгцээ салбарын ирээдүйн амжилт, тогтвортой хөгжил нь чадварлаг, олон талт хүний нөөцийг татан оролцуулах, хөгжүүлэх, тогтвортой ажиллуулах чадавхаас ихээхэн хамаарна. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал онцгой чухал үүрэгтэй.  Өнөөдөр уул уурхайн салбарын бүхий л түвшинд инженер, геологич, хүнд машин механизмын оператор, менежер, удирдах албан тушаалтан зэрэг олон чиглэлээр амжилттай ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл өсөн нэмэгдэж байгааг бид харж байна. Аварга машиныг турьхан эмэгтэй хүн жолоодож буйг хараад би хувьдаа үнэхээр бахархсан.Тэдний амжилт, авьяас чадвар, мэргэжлийн өрсөлдөхүйц ур чадвар, мөн манлайлал нь хүйсээр тодорхойлогддоггүйг харуулж байгаа юм. Эдгээр амжилтын түүхүүдээс гадна энэ бүх боломжийг Монголын өнцөг булан бүрд буй охид, эмэгтэйчүүдэд нээж өгөх нь бидний хамтын зорилго хэвээр байсаар байна” 

“Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” форумыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр хувийн хэвшлийн түншлэл developpp.de хөтөлбөрийн хүрээнд Transwest Mongolia, Sandvik Mongolia, MSM Групп-ын хамтарсан санхүүжилтээр GIZ-ийн хэрэгжүүлж буй “Хүнд машин механизмын салбарт жендэрийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл,  Майнинг Инсайт сэтгүүл, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ болон Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, боловсролын байгууллага, олон улсын хөгжлийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг нэг дор цуглуулж буйгаараа онцлог юм. 

Өнөөдрийн форумаар "Уурхайчин эмэгтэйчүүдийг яагаад онцолж байна вэ?" судалгааны зарим үр дүнгийн талаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага ТББ-ын УЗ-ийн дарга О.Батболд танилцуулав.  Жендэрийн салбар зөвлөлийн гишүүн, жендэрийн үндэсний шинжээч О.Туяа "Сайн жишээнээс салбарын бодлого руу: Эрдэс баялгийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлж, хэрэгжүүлэхэд төсөл хөтөлбөрийн үүрэг" сэдвээр илтгэл тавьлаа. Түүнчлэн, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны developpp.de-Төр, хувийн хэвшлийн түншлэл төсөл хариуцсан менежер Б.Болор "Хүнд машин механизмын салбарт жендэрийн мэдрэмжтэй хосмог сургалт нэвтрүүлэх" илтгэл танилцууав. 

Энэ удаагийн форумын бас нэгэн сонирхолтой хэсэг бол "Уул уурхай ба миний түүх" богино илтгэлүүд юм. Энд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн автосамосвалын операторч Г.Нандиндулам, "Бадрах Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Корали Прийн, мөн "MSM Групп" ХХК-ийн авто цахилгааны инженер Б.Оунлхам нар оролцож байна. Компаниудын сайн туршлага, түүнчлэн салбарын мэргэжилд эзэмшиж буй эмэгтэй суралцагчид богино илтгэлүүд тавина.  

“Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” форум цаашид тогтмол зохион байгуулагдана.